sonin.mn
Хятадын Ардын чөлөөлөх армийн Баруун байлдааны ажиллагааны бүсийн дэд командлагч, дэслэгч генерал Лю Сяо Ву тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Дэслэгч генерал Лю Сяо Ву тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хүлээн авч уулзаж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, энхийг дэмжих ажиллагааны талаар ярилцлаа.
 
Уулзалтын эхэнд хошууч генерал Ж.Бадамбазар "Монгол Улс, БНХАУ нь эртний уламжлалт харилцаатай мөнхийн хөрш бөгөөд олон жилийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин чухал байр суурь эзэлдэг төдийгүй цэргийн харилцан хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон чиглэлээр өргөжиж хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна"
 
 
хэмээн онцлоод цэргийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургууль болон олон улсын сургуульд хамтран оролцож байгаа явдал. Хятадын Ардын Чөлөөлөх арми нь 2015 оноос эхлэн "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд салаа хүртэлх бие бүрэлдэхүүнийг оролцуулж байгаад талархал илэрхийлэв. 
Харин дэслэгч генерал Лю Сяо Ву хоёр орны цэргийн харилцаа нь бүх түвшний айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хоёр талын хамтарсан сургууль, цэргийн боловсон хүчин бэлтгэх, БНХАУ-ын БХЯ-наас буцалтгүй тусламж үзүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын форум, эрдэм шинжилгээний хуралд хамтран оролцох зэрэг бүх чиглэлээр хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд олон чиглэлээр санал солилцсон юм.
 
Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Хятадын Ардын Чөлөөлөх арми БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа. Цаашдаа энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. 
 
 Энэхүү уулзалтад Монгол Улсын талаас ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал нарын албаныхан байлцсан юм. Дэслэгч генерал Лю Сяо Ву тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна.