sonin.mn
Монгол Улсын Их Хурлын нэр хүнд сүүлийн гурван сарын судалгаагаар өсчээ.  Огцом уруудаж, нэг үе 1.8-1.9 хувьд хүрээд байсан нэр хүнд сүүлийн 3 сард огцом өгсөж 3.5 хувьд хүрсэн байна. Зарим нэг шүүмжлэгчдэд энэ мэдээ таалагдсангүй, яагаад ч ийм байх ёсгүй гэсэн муйхар маягийн гаргалгаа хийж, “ухаантай” сөрөг хүчний дүрд тоглож байх шиг.
 
УИХ-ын гишүүн Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдоод гурван сар орчим болжээ. Энэ хугацаандаа парламентыг шинэчлэх, сахилга хариуцлагыг хэвшүүлэх, шударга ёс тогтоох чиглэлээр шинэлэг алхмуудыг хийсэн. УИХ-ын дарга өөрөө үүнд түүчээлэн оролцож байгаа.
 
Өнгөрсөн намраас хойш бараг зогсонги болоод байсан парламентын үйл ажиллагааг шуурхай байдалд шилжүүлэхийн тулд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хүлээлт үүсгээд байсан хуулиудыг баталсан. Сүүлийн гурван жил яригдсан Татварын багц хуулиуд, Тендерийн хууль /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай/, Ашигт малтмалын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энд дурьдаж болно.
Татварын багц хуулиар жишээ авахад улс нийгэмд, хувь иргэнд ч үр шимээ өгөх зохицуулалт хийсэн. Амьдран суух зориулалтаар анх удаагаа орон сууц барьсан, худалдан авсан иргэнд 3.0 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг 6.0 сая төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүллээ. Улаанбаатараас 500 км-ээс дээш зайд орших аймаг, суманд бизнес эрхэлбэл 50 хувийн, 1000 км-ээс дээш хол аймаг, суманд 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлэх боллоо. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлөх болсон бөгөөд үүнд 47867 аж ахуйн нэгж хамрагдана.
Энэ удаагийн ээлжит чуулганаас эхлээд УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирц бүрдүүлж, хууль баталдаг боллоо. Хуралдаанд заавал биеэрээ суудаг болсон учир таслах, хийдүүлэх боломж хаагдсан. Бусдын өмнөөс кноп дарлаа, цөөн ирцтэй хуралдлаа, хууль баталлаа гэдэг асуудал үүнээс хойш байхгүй болж байна.
Парламент өөрөө парламентын шинэчлэл хийхийн төлөө санаачилга гаргаад байгаа. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, Улсын Их Хурлыг ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг танхим болгохыг зорино гэдгээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар томилогдсоноосоо хойш үйл хэрэг, үгээрээ байнга илэрхийлж байна. Яриад зогсоогүй, үйл ажиллагаанд шилжиж, улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судлан, Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажилд оруулснаар хуулийн төслүүдийг хувилбарыг боловсруулж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Ажлын хэсэг дэгийн зохицуулалтыг сайжруулахдаа гадаад орнуудын сайн туршлагаас суралцахын дээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалд захируулан боловсруулж байна. 
 
Өмнөх парламентын үед Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгааг энэ удаагийн парламент хийх эхлэлийг тавьсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, шинээр томилох асуудал үүссэн тохиолдолд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэн “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хэдэн өдрийн өмнө өргөн барьсан.
Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг өрнүүлэх энэ үедээ УИХ-аар томилдог бүх албан тушаалтныг нийтийн сонсголоор шүүн хэлэлцэж, олон нийтийн хараа хяналт дор томилох ажлынхаа араас явна” хэмээсэн. Энэ асуудлаар мөн нэр бүхий гишүүд зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулан 93 хүн оролцсон нээлттэй хэлэлцүүлэг хийгээд удаагүй байна.
 
Түүнчлэн, парламентын шинэчлэлийн асуудлаар хамгийн сүүлд гэхэд парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий УИХ-ын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл” байгуулан ажилд нь орууллаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ цагийн улстөрийн хүрээнийхний улс төр хөөцөлдөх аятай таатай сэдэв болж буйг хэн хүнгүй ойлгож байгаа биз ээ. Угтаа бол энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа гэхэд улс нийгэмд ямар ч хохиролгүй, баталсан хүмүүст нь ямар ч хожоогүй юм. Ард түмнээс авсан санал дээрээ тулгуурлан төсөл боловсруулах үйл явц эхлэхтэй зэрэгцэн шүүмжлэгчид “Нэмэлт, өөрчлөлтийг энэ 65 батлахгүй” гэх эрхзүйн үндэслэлгүй эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн.  Энэ удаагийн парламентыг өмнөх парламентуудаас ялгаагүй Монголын ард түмэн сонгож бий болгосон. Ард түмнээс сонгогдсон УИХ өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй гэдгийг эрдэмтэн судлаачдын зарим нь зориуд тэмдэглэж байгаа. Нөгөө талаар олон намын төлөөлөлтэй парламент энэ өөрчлөлтийг хийж чадахгүй гэдэг нь өмнөх оролдлогуудаас харагдсан. Нэмэлт, өөрчлөлт хийх оролдлого, өөрчлөлтийн төслийн хувилбар үүнээс өмнө 4 ч удаа өргөн баригдсан буюу яригдсан юм билээ. Тухай бүр цөөнх нь эсэргүүцэж унагасаар ирсэн байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зүйл, заалт бүхэн дөрөвний гурвын буюу 57 гишүүний саналаар батлагдах ёстой. Тэгэхээр үнэмлэхүй олонхтой парламент л энэ өөрчлөлтийг хийж чадна. Гэхдээ нийт үндэсний зөвшилцөлд тулгуурлаж, олон нийтийн санаа бодлыг тусгаж, санал нэгдсэн, гарцаагүй чухал цөөн өөрчлөлтийг хий ёстой гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар байнга онцолж байгаа.
 
Нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан саяхан нэгэн арга хэмжээний нээлтэд “Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьдаг. Угтаа бол Үндсэн хуульд нэмэлт тодотгол оруулах гэж байгаа. Аль болох цөөн тооны, олон түмний хүсэн хүлээж байгаа гарцаагүй гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулна.
 
Үндсэндээ 7 зүйлд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ өөрчлөлтийн нэг хэсэг нь 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг засаж залруулахад чиглэсэн. Байнга асуудал болон яригддаг давхар дээлийг тайлах, хууль хэлэлцэж батлах босго тогтоох, УИХ-ын гишүүний хариуцлагыг сайжруулах, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, төсөв хэлэлцэн батлахдаа хөгжлийн төсөв болгох, шүүх эрх мэдэлд хэт хутгалдаж оролцдогийг хязгаарлах, олон шат дамжлагатай сонгуулиудыг цөөлөх зэрэг хүрээнд нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болсон” хэмээж байсан. Ийм л өөрчлөлтийг эсэргүүцэх хэрэг байна уу…
Төгсгөлд нь дурьдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд зарчмын шаардлага тавьж байгаа. Аливаа хуулийн төслөөр заавал олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийхийг шахаж ажиллаж байна, хуралдаанд цагтаа орж ирээгүй гишүүдийн нэрийг зарладаг болсон. Попрох, өөрийгөө дөвийлгөх, хэлэлцэж буй асуудлаас өөр зүйлд олон нийтийн анхаарлыг татахыг оролдох гэх мэт зарим гишүүдийн ганцаарчилсан тоглолтыг шууд таслан зогсоодог болсон. Энэ мэтчилэн Их Хурлын эерэг хандлага иргэдээс гайгүй үнэлгээ авч байгаа бололтой. Цаашид хууль тогтоох дээд байгууллагын маань рейтинг тасралтгүй өсөх графикийг зааж байгаасай гэж иргэд хүсэж байна. Төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх Г.Занданшатарын зорилт чухамхүү УИХ-аас л эхэлнэ гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ. 
 
Саяны судалгааны дүн Монголын нийгэмд шударга ёс тогтож, Их Хурлаасаа эхлээд хариуцлагатай, сахилгатай болох нь гэсэн итгэлийн гэгээ иргэдийн сэтгэлд сүүмэлзэж эхэлсний дохио мөн биз ээ.