sonin.mn
Канад улс экологийн бохирдолтой тэмцэх зорилгоор 2021 оноос эхлэн нэг удаагийн хуванцар хэрэгсэл ашиглахыг хориглох гэж байна. Яг ямар бүтээгдэхүүнийг хоригт багтаах нь тусгай судалгааны дараа тодорхой болох юм. Харин одоогийн байдлаар нэг удаагийн хоолны сав, халбага сэрээ ашиглахгүй нь тодорхой болоод байна. Энэ асуудлаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Канад улс 2021 он гэхэд хортой нэг удаагийн хуванцар хэрэгслийг хориглох гэж байгааг зарлахдаа таатай байна. Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд, эсвэл хуванцар савлагаатай бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүс өөрсдийн хуванцрын хаягдлаа цуглуулах, дахин боловсруулах үүрэг хүлээнэ” гэж мэдэгджээ.
 
Түүнчлэн хэрэглэгчдэд хүрээлэн байгаа орчныг бохирдуулагч хуванцар бараа бүтээгдэхүүнээс татгалзахад нь туслах зорилгоор хүчин чармайлт гаргаж ажиллахаа Ж.Трюдо онцоллоо. Дэлхий дээр жил бүр нэг сая орчим шувуу, 100 мянган хөхтөн амьтан хуванцар хог хаягдлаас болж үхдэг талаар Канадын Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. 2018 оны аравдугаар сард Европын холбоо далай тэнгисийн бохирдолтой тэмцэх зорилгоор нэг удаагийн хуванцар хэрэглээг бүрмөсөн хориглох тухай санал асуулгыг гишүүн орнуудынхаа дунд явуулсан. Энэхүү санаачилгыг 2021 оноос хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна. НҮБ- ын мэдээлснээр дэлхийн 180 улс орон хуванцар хэрэглээнээсээ ямар нэгэн байдлаар татгалзаад байгаа ажээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин