Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэлэв.  
 
Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хүлээн авах эсэх,  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг хэлэлцэн шалгаруулах юм.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр нийт 12 төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчдийн багийн үнэлгээ дүгнэлтээр үнэлгээ хийсэн нийт 12 төслийн 11 төслийн үр дүн 70 хувиас дээш, 1 төслийн үр дүн 70 хувиас доош үнэлэгджээ.
 
Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх 3 талт гэрээнд заасны дагуу төслийн удирдагч, гүйцэтгэгч тал төслийн үр дүнгийн тайланг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-д заасан хугацаанд багтаан захиалагч талд хүлээлгэн өгдөг. Захиалагч тал гэрээнд заасан эрх, үүргийн дагуу захиалгат төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ дүгнэлт хийлгэж, түүнийг үндэслэн хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм.
 
ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит “Грант”-ын шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс санаачлан эхлүүлж, уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна. Энэхүү шалгаруулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд Грант олгох журам”-д заасны дагуу шалгаруулах юм. Энэ удаа салбарын эрдэмтэн судлаачдаас нийт 15 бүтээл ирүүлсэн байна. Баримт бичгийн бүрдүүлэлт, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 11 бүтээлийг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм.