sonin.mn
Удаан хугацаанд хэлэлцсэн сонгуулийн тогтолцоо, парламентын хугацаа, гишүүдийн тоотой  холбоотой санал дээр МАН-ын гишүүд санал нэгдлээ. Ингэхдээ таван жилийн хугацаатай парламентыг 99 гишүүнтэй бүрдүүлэхээр болж, харин сонгуулиа холимог буюу 76 гишүүнийг мажоритар, 23-ыг нь жагсаалтаар оруулах хувилбарыг сонгоод байна. Парламентын олонхын бүлгээс ирэх оны УИХ-ын сонгуулийг улс нэг тойрогтой, мажоритар тогтолцоогоор явуулах хуулийн төсөл боловсруулчихаад байсан. Гэтэл ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгах саналыг гаргасан. Хэлэлцүүлгийн явцад ерөнхийлөгчийн зүгээс 108 гэсэн тоо орж ирсэн ч бүлэг унагааж, 99 гэсэн хувилбарыг дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоо 99, бүрэн эрхийн хугацаа 5 жил болохыг МАН дангаараа шийдээгүй. Төрийн тэргүүн болоод сөрөг хүчин бас ард нийтийн саналыг бүрэн тусгасан гэсэн үг. Иймийн тулд тодорхой цаг хугацаанд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар олон сувгаар хэлэлцүүлэг өрнүүлж, хангалттай тооны хүмүүсийн саналыг сонссон билээ. 
 
Тусгаар тогтносон Монгол улсад өв уламжлал, түүхээс эхлээд бахархах зүйл маш их бий. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18-рт орж, хүн зоны мэдлэг оюуны чадамжаар хэзээд гайхагдаж ирсэн ард түмэн. Тиймээс ийм их нөөц бололцоотой тэнгэр заяат Монголчууд бид ядуу буурай амьдрах учиргүй. Үндсэн хуулиараа ч “Монгол” гэдэг нэрний цаана чухам юу байдгийг бүгдийг нь баталгаажуулж өгдөг. 
 
Одоо мөрдөгдөж байгаа 6 бүлэг, 70 зүйлтэй үндсэн хуулиа үнэхээр зөв өөрчилж чадвал та бидний сайхан амьдралын баталгаа хангагдана. Иймд эрх баригч МАН үндсэн хуулийн өөрчлөлтөд хүн бүрийн оролцоог тэгш хангахыг зорьсон төдийгүй талуудын оролцоог жигд хангахыг хичээсэн нь тэр биз. 
 
Яг үнэндээ 1992 онд баталсан  Үндсэн хууль тийм ч муу байгаагүй. Эрх ашгийн зөрчилгүй 400 гаруй депутат шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Харамсалтай нь дордохын долоон  өөрчлөлт хийж эрх мэдэлд хэтэрхий шунаснаас дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн тод жишээг бий болгосон гэж үздэг.
 
Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтөөс болж хуулийг ч өнгөрсөн хугацаанд дэндүү олноор нь үйлдвэрлэсэн алдаа ч  бий. Социализмын үед 60 гаруй хуультай байхад амьдрал болоод л байсан. Харин   өнөөдөр 700 гаруй хуультай болсноор нийгмийн  ороо бусгаа байдал хэрээс хэтэрснийг ч хэлэх хүн байна. Тэр үед хийсэн бас нэг алдаа нь  76 гишүүний  51 нь байж хуралдан,  санал хураадаг байсныг 39 гишүүн оролцож 21 гишүүн батлахаар болгож өөрчилсөн явдал. Эсрэгээрэээ гадны улс орнуудад хууль нь  хамгийн хүнд сурталтайгаар гардаг. Сайн шүүлтүүрээр гарсан хууль ч урт насалдаг. Ийнхүү манайд 20-иодхон хүн хууль үйлдвэрлэж байгаа нь элдэв лоббид  өртөх боломжийг бий болгож байна. Ингэхдээ ард түмний санал болоод Ерөнхийлөгч цаашлаад сөрөг хүчнийхээ саналыг харгалзан дээрх өөрчлөлтийг хийх шийдвэр гаргасан нь ч учиртай. Олон улсын жишгээр улсын их хурлын гишүүдийн тоог нэмэх болоод сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдвэрийг ийнхүү МАН тал бүрийг  оролцоог ханган гаргаж байна.   
 
 
Э.Мягмар