sonin.mn
Нийслэлийн онцгой комисс хуралдлаан боллоо. Хуралдаанаар угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд  хэрэгжүүлж байгаа ажил,  хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ. 
 
Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, өнөөдөр олон нийтэд мэдээлэхээр боллоо.
 
Мөн нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.  
 
Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын  талаар  зөвлөлдөв.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах,  тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх,  “Таван толгой түлш” ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан  сар, өдрөөр нарийвчлан төлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгой  комиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар удирдуулан, цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтсон юм.
 
 
Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан  мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.
 
 
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна” гэлээ.
 
 
Э.Сүрэн