sonin.mn
ХҮНамын удирдлагууд мэдээлэл хийж, мэдэгдэл гаргалаа.
 
 
Мэдэгдэлд: "Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) нь парламентийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, албан ёсны байр сууриа тухай бүр илэрхийлсээр ирсэн.
 
Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна.
 
Ийм нөхцөл байдал үүсэн тул ХҮНам Монгол Улсад парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дараах өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Үүнд,  
УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах
Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, чөлөөлдөг байх, цаашлаад УИХ өөрт нь итгэл үзүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх
 
Парламентын засаглалтай хөгжингүй орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох 
 
Бид монгол түмний 1990 онд хийсэн сонголт, 1992 онд үүнийгээ үндсэн хуулиараа баталгаажуулсан парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, үүний эсрэг санаатай болон санаандгүй байдлаар хийж байгаа аливаа үйлдэл, этгээдтэй хатуу тэмцэж, шаардагдах бүх арга хэмжээг авч ажиллахаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн байв.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Ч.Анхныбаяр