sonin.mn
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалгаж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь  уншиж сонсгосон юм.
 
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.
 
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ : "Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно.
Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна " хэмээсэн юм.
 
Ийнхүү хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин  хэлэлцэгдсэн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой ажил хэрэг боллоо.
Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон жил яригдсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг цэгцлэв. Тодруулбал УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдэж баригдахаас гадна Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татдаг заалт орсон юм.
Мөн "давхар дээл"-тэй холбоотой асуудлыг нэг мөр болгож, Ерөнхий сайд болон 4-өөс илүүгүй сайд л "давхар дээл"-тэй байж болохоор болсон билээ.
 
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа л сонгодог болох, Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн Газрын сайд нараа өөрөө томилдог болох гэх мэт үндсэндээ бол парламентын засаглалыг хамгаалж, бэхжүүлсэн шинжтэй өөрчлөлтүүдийг оруулж чадсаныг судлаачид дүгнэж буй юм. 
 
Энэ ажлыг анхнаас нь УИХ-ын дарга Г.Занданшатар манлайлан, ачааны хүндийг үүрэн ажилласан нь нууц биш. Хардлага, сэрдлэгэ, сайн муу үг, шүүмжлэл дундуур ч хангалттай явсан.
Гэвч эцэст нь ямартай ч ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд манлайлж оруулснаараа Г.Занданшатар түүхэнд үлдэх нь гарцаагүй боллоо.
 
 
Э.Мягмар
 
 
 
 
 
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
 
-Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
 
-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор, эсвэл 43.1-д "Ерөнхий сайдыг огцруулснаас" эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
 
- Шүүхийн сахилгын хороо ажиллана.
-Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
-УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна
 
- Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
- УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.
 
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
 
-УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
-УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
-Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
-Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
-Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.