sonin.mn

Үндэсний их баяр наадам бол монголчуудын төрт ёс, үндэсний бахархал, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон хамгийн том баяр. Жил бүрийн наадмын нээлтээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, төрийн зарим байгууллагын удирдлагууд болон тэдний гэр бүлийнхэн сууж, баяр наадмын арга хэмжээг үздэг уламжлал тогтсон байдаг.

Гэвч энэ уламжлалыг өнөөдөр эргэн харах шаардлагатай болсон мэт.

Наадам бол төрийн баяр төдийгүй ард түмний баяр. Тиймээс хамгийн хүндэтгэлийн суудалд хэн суух ёстой вэ?


Төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид төв асарт суух нь ойлгомжтой. Харин олон арван улстөрч болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэлийн суудал олгодог өнөөгийн тогтолцоо нийгмийн үнэт зүйлсийг зөв илэрхийлж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал юм.


Монгол Улсын хөгжлийг зөвхөн төрийн байгууллагууд авч явдаггүй. Улс орны эдийн засгийг босгож, боловсролыг түгээж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, шинжлэх ухаан, соёл урлаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж ирсэн хүмүүс бол хөдөлмөрч иргэд юм. Тэдний дундаас онцгой гавьяа байгуулсан хүмүүст төрөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээдэг.

Гэтэл жил бүрийн наадмаар хамгийн хүндтэй асарт хөдөлмөрийн баатруудаас илүүтэй улстөрчид олноороо суудаг дүр зураг хэвийн үзэгдэл болсон. Үүнийг буруутгах гэсэндээ биш, харин төр хэнийг илүү үнэлж байгаагаа ямар бэлгэдлээр харуулж байна вэ гэдгийг бодох цаг иржээ.


УИХ-ын гишүүд бол ард түмний сонгосон төлөөлөгчид. Тэд үүргээ биелүүлж, төрийн бодлого боловсруулахын төлөө ажиллах нь албан тушаалынх нь үндсэн чиг үүрэг.


Харин хөдөлмөрийн баатрууд бол тодорхой нэг салбарт онцгой амжилт гаргаж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хүмүүс. Нэг нь сонгуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажилладаг бол нөгөө нь хөдөлмөр бүтээлээрээ нийгмийн үнэлэмжийг илэрхийлэх болсон хүмүүс юм.

Тиймээс Үндэсний их баяр наадмын төв асарт суух эрхийн тухайд шинэ жишиг тогтоож болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд гэр бүлийн хамт төв асарт сууж, төрийн ёслолыг тэргүүлэх нь зүйн хэрэг. Харин үлдсэн хүндэтгэлийн суудлын тодорхой хэсгийг хөдөлмөрийн баатрууд, гавьяатнууд, шилдэг багш, эмч, инженер, эрдэмтэн, малчин, ажилчин зэрэг нийгмийн бүтээлч давхаргын төлөөлөлд зориулдаг байж яагаад болохгүй гэж.


Ийм өөрчлөлт нь зөвхөн суудлын зохион байгуулалтын асуудал биш юм. Энэ нь төрөөс ямар үнэт зүйлийг эрхэмлэж байгааг харуулах бэлгэдлийн ач холбогдолтой. Хүүхэд залуус наадмын төв асарт хэн сууж байгааг хардаг.


Тэнд эрх мэдэл, албан тушаалын төлөөлөл давамгайлах уу, эсвэл хөдөлмөр, бүтээл, амжилтын төлөөлөл суух уу гэдэг нь өөрөө хүмүүжил, нийгмийн үнэлэмжийн асуудал юм.

Өнөөдрийн Монголд хөдөлмөрийн үнэ цэнэ, мэргэжлийн ур чадвар, бүтээмжийн талаар их ярьдаг болсон. Хэрэв бид үнэхээр хөдөлмөрийг дээдэлдэг нийгэм байгуулахыг хүсэж байгаа бол тэр үнэт зүйлээ төрийн ёслол, үндэсний баярынхаа хамгийн хүндтэй индэр дээрээс харуулж эхлэх хэрэгтэй.


Наадмын төв асар бол ердөө хэдхэн зуун суудалтай зай биш. Энэ бол Монголын төр хэнийг хүндэтгэж, ямар үнэт зүйлийг ирээдүй үед өвлүүлэхийг хүсэж байгааг илэрхийлдэг бэлгэдлийн тавцан юм. Тиймээс наадмын асарт УИХ-ын гишүүдээс илүү хөдөлмөрийн баатруудаа урьж суулгадаг болох нь зөв юм биш үү?


М.Чойжал