МҮХАҮТ-ЫН ДАРГА АСАН САМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ
(1955–2026)
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засгийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Улсын Их Хурлын гишүүн асан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга асан Самбуугийн Дэмбэрэл хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын төр, эдийн засаг, бизнесийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
С.Дэмбэрэл нь 1955 онд Улаанбаатар хотод төрж, 1981 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетыг төгсөн эдийн засагч мэргэжил эзэмшсэн бөгөөд АНУ, Япон, Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн манай улсын тэргүүний сэхээтнүүдийн нэг байв.
Ажил амьдралынхаа гарааг "Комплекс импорт" нэгдлээс эхлүүлж, улмаар ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, захирлаар ажиллахдаа Монгол дахь зах зээлийн шилжилтийн үеийн хувьчлалын үзэл баримтлалыг анхлан боловсруулж, 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, сургалтын гарын авлага, “Бизнесийн боловсрол” цуврал номыг туурвисан нэртэй эрдэмтэн байлаа.
Мөн гадаад, дотоодын эдийн засаг, санхүү, бизнесийн үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор “Бизнес таймс” сонин, “Бизнес ба хөгжил”, "Inspiring Mongolia" сэтгүүлийг англи, монгол хэлээр эрхлэн гаргаж байв.
Тэрбээр 1997–2014 онд МҮХАҮТ-ын даргаар 17 жил тууштай ажиллахдаа Бизнес-Төр, Бизнес-Бизнес, Бизнес-Боловсролын түншлэлийг шинэ шатанд гаргаж, хувийн хэвшлийг хөл дээр нь босгох түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм. С.Дэмбэрэл нь 2001 онд Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хороог анх удаа санаачлан байгуулж, хувийн хэвшлийг төлөөлсөн даргаар үр дүнтэй ажилласан билээ.
Бизнес эрхлэгчдэд тулгардаг элдэв тусгай зөвшөөрөл, саад тотгор, хүнд суртлын хууль тогтоомжийг цэгцэлж, бизнесийн орчныг эрүүлжүүлэхийн төлөө тууштай тэмцэж, "Бизнесийн орчны их цэвэрлэгээ" аяныг зоригтой өрнүүлж байв.
Хувийн хэвшлийнхний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор телевизийн тусгай нэвтрүүлгүүдийг санаачилж, бизнес эрхлэгчдийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлдэг шинэ соёлыг тогтоосон зоримог, шийдэмгий удирдагч байлаа.
Мөн 2010 онд “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу” санаачилгыг гаргаж, 2012 онд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан юм.
МҮХАҮТ-аас бизнесийн орчны нөхцөл байдлыг тогтмол ажиглан судалж, судалгаа, шинжилгээнд суурилсан бизнесийн өмгөөлөл, бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор С.Дэмбэрэлийн санаачилгаар 2000 оноос эхлэн “Бизнесийн итгэлийн индекс”, “Хүнд суртлын индекс” зэрэг судалгааг тогтмол хийж хэвшүүлжээ.
Танхимыг 17 жил удирдах хугацаандаа бизнес эрхлэгчдэд зориулсан "Нэг цэгийн үйлчилгээ", "TRADE POINT" төслийг хэрэгжүүлж, "E-Chamber" буюу Электрон танхим болох цахим шинэчлэлийг анхлан санаачилсан байна.
Европын Холбооны "Switch Asia" төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа томоохон боловсруулах үйлдвэрүүдэд байгаль орчинд ээлтэй, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх цэвэр үйлдвэрлэлийн “Eco profit” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд 20 орчим томоохон үйлдвэрт эрчим хүчийг хэмнэх ажил амжилттай хэрэгжсэн юм.
Монголын эдийн засгийн гол тулгуур болсон аж ахуйн нэгжүүдийг алдаршуулдаг Монголын “ТОП-100" ААН, "Entrepreneur", “Made in Mongolia" зэрэг нэр хүндтэй шалгаруулалт, томоохон гадаад, дотоодын үзэсгэлэнгүүдийг анхлан санаачилж, түүхэн уламжлал болгон тогтоосон билээ.
Түүнчлэн түүний идэвх зүтгэлээр 21 аймагт салбар Танхим байгуулагдаж, "Орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд хөдөө орон нутагт үйлдвэр, цехүүдийг олноор байгуулан 1000 гаруй тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Мөн олон улсын "Транспаренси Интернэйшнл" байгууллагын салбарыг Монголд анх удаа байгуулж, "Авлигын индекс" судалгааг анхлан явуулж, авлигыг бууруулах, хүнд суртлыг арилгахад уйгагүй хүчин зүтгэл гаргаж ирсэн юм.
С.Дэмбэрэлийн идэвх санаачилга, уйгагүй хөөцөлдсөний улмаас БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар МҮХАҮТ-ыг анх удаа өөрийн гэсэн албан байртай болгох түүхэн ажлыг бүтээжээ.
Тэрбээр 2012–2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог санаачлан байгуулж, санхүү, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах хөтөлбөр, мөнгөний бодлогын томоохон шинэчлэлүүдийг санаачлан батлуулсан бөгөөд 2018–2024 онд Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлаар ажиллаж, улс орны макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
С.Дэмбэрэл нь төр, нийгмийн зүтгэлтэн байхаас гадна соёл, урлаг, дуу хөгжмийг гүнээ шимтэн сонирхдог, уран бүтээлчдийг ямагт халуун дулаанаар дэмждэг уужуу сэтгэлтэн, оюуны спортын хаан шатраар ухаанаа уралдуулах дуртай өндөр соёлтой, гүн мэдлэгтэй жинхэнэ Монгол сэхээтэн байлаа.
Тэрбээр хамт олноо гэсэн халуун сэтгэлтэй, зарчимч, шударга удирдагч байсан бөгөөд албан бичиг төлөвлөх соёл, эдийн засаг, бизнесийн мэдээллийг боловсруулах нарийн арга зүйг зааж өвлүүлэн, эдийн засгийн салбарын олон арван залуу мэргэжилтнүүдийг гадаад дотоодод бэлтгэн гаргасан чиглүүлэгч багш байв.
Түүний улс орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, "Монгол Улсын Гавьяат эдийн засагч" цол, "Алтан гадас" одон, “Салбарын тэргүүн” цол тэмдгүүдээр шагнасан бөгөөд түүний нэр алдар Ази, Номхон далайн бүс нутгийн "Хэн нь хэн бэ?" намтрын номд мөнхрөн үлдсэн билээ.
Талийгаачийн хөдөлмөрч, дайчин, шулуун шударга зан чанар, эх орныхоо төлөө цохилох халуун зүрх, ухаалаг алсын хараа, бүтээлч өв уламжлал нь Монголын төр, эдийн засаг, бизнесийн бүхий л салбар, МҮХАҮТ-ын түүхэнд үеийн үед тодоор дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МA НИ БАД МЭ ХУМ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДAЛДAА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
21 АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМ
МҮХАҮТ-ЫН НИЙТ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
Даваа - 06 сарын 22,
2026

Сэтгэгдэл1
Банк санхүүгийнхэн бол ард түмний жинэхэн дарангуйлагч болно.