Гадаад бодлого-олон улсын харилцааны судалгааны ажлаар Энэтхэгт явж байхдаа Нью Дели хотын төвд орших India Gate буюу Энэтхэгийн хаалганд (Индиа гэйт) албан шугамаар ба хувиараа хоёр удаа зочиллоо. 
 
 
 
Тэр олон янзын эрээн мяраан үзэгч, зорчигч, алаг цоог аж байдал, эх захгүй задгай арилжаа наймааг хэрдээ камертаа буулгалаа. 
Хаалганаас урагш орших нэр үл мэдэгдэх дайчдын хөшөө бүхий Дайны дурсгалын цогцолборт монголжуу царайтай гүркха гэх дайчин залуустай учирлаа. Эдний талаар бишгүйдээ сонсож байснаас нүүр тулж уулзаад яриа өрнүүлж зураг татуулж байсангүй. Энэ удаа амжууллаа.
Хинди хэлээрээ इंडिया गेट гэж сүрлэгээр сийлсэн энэ том аркны учир утга нь мэдээж гэгээн дурсгал-мөнх гал-хүндэт харуул-төрийн далбаа-энэтхэгийн арми, нисэх хүчин, флотын далбаа. Анхлан 1921 онд английн уран барилгач Эдвин Лаченсын төслөөр англо-афганы болон дэлхийн нэгдүгээр дайнд амиа өргөсөн энэтхэг дайчдын алдрыг мөнхжүүлэхээр босгож эхлээд 1934 оноос нээж ашигласан. Аркны өндөр нь 42 метр, ханан дээр нь 90 000 гаруй цэрэг эрсийн нэрс буй.  
 
 
Харин энэхүү аварга хаалганы зүүн талд тусгай цэцэрлэгт хүрээлэнд баатруудын цээж баримлууд сүрлэгээр сүндэрлэжээ. 1971 онд Ерөнхий  сайд хатагтай Индира Гандийн санаачилгаар Энэтхэг-Пакистаны III дайны дараа нэр үл мэдэгдэх цэргийн шарил бүхий тусгай хөшөөг дайны дурсгалын цогцолбортой хамтатган байгуулжээ. Тэнд гүркхүүд хүндэт харуулд гарч байхдаа тааралдлаа.
 
 
Тэнд цэцэг өргүүлэхийг гадаадын төр-засгийн төлөөлөгчдийн хөтөлбөрт хүртэл тусгадаг гэж байна. Энэтхэг-Пакистаны, Энэтхэг-Хятадын дайнуудын тухай үзмэр, дурсгалын самбар, үрэгдсэн баатруудын хөшөө дурсгал ярайж байхыг үзэхүл эдүгээ ШХАБ, БРИКС эвсэлд хамт байгаа хөршүүдийнхээ сэтгэлд сэв суулгачихмаар ч юм шиг. 
 
Зураг сонирхоно уу.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.