sonin.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.
 
-Нийгмийн гэгээрлийн холбоо хэзээ байгуулагдсан бэ. Гэгээрлийн холбоо гэхээр сонирхол татаж байна. Манай нийгэмд нэн хэрэгтэй зүйл бол гэгээрэл?
 
-Р.Нямдорж бид хоёр МҮБХ-г удирдаад 28 жил ажиллалаа. 2006 онд ажлаа өгнө гэсэн тооцоотой байсан л даа. Ажлаа өгчихөөд нийгмийн гэгэээлийн чиглэлээр ажиллана гэж төлөвлөчихсөн байсан. Тэгээд тэр ондоо “Нийгмийн гэгээрлийн сан” байгуулж, “Жин” сэтгүүлээ гаргасан. Зургаа, долоон дугаар хэвлэгдсэн. Тэр сэтгүүлийн уриа нь “Нийгмийн гэгээрлийн төлөө” гэсэн уриатай байлаа. Гэгээрэлтэй холбоотой, хүний зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэлтэй болоход чиглэгдсэн нийтлэлүүдтэй байсан. Тэр үед Р.Нямдорж маань “Яаж жаргах вэ”, “Амьдрал таньсан хүний үг” номнуудаа бичсэн. Миний бие “Мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл байдаг”, “Сэтгэлээс илүү хүчтэн үгүй”, “Өглөгөөс илүү буян үгүй”, “Тусаас илүү сайн үйлс үгүй”, “Ажиллахаас илүү жаргал үгүй" гэсэн номуудаа тэр он жилүүдэд гаргаж байлаа. Бид угаас хоёр ажлыг зэрэг хийж чаддаггүй улс байгаа юм. Төр засгийнхан хоёр, гурван ажлыг зэрэг хийгээд байгааг гайхдаг юм. Хоногт 24 цагтай. Түүнээс  6-7 цагт нь амраад бусад цагт нь ажиллана гэж үзвэл УИХ-ын гишүүний ажил, Засгийн газрын гишүүний ажлыг хийнэ, хажуугаар нь намын ажил хийнэ. Бас дээрээс нь ямар нэг спортын байгууллагыг даргална, хувийн компаниа удирдана. Энэ бүх ажлыг яаж амжуулдаг юм бол. Энэ бол зүгээр л гайхамшиг. Давхар сэтэртэй хүмүүс нэг бол дэлхийд хосгүй чадвартай хүн байх, эсвэл хоёр сэтэртэй бол тавь, тавин хувь, дөрвөн сэтэртэй бол 25, 25 хувийн л ажил хийсэн болж оромддог байх. Жигжид гэж олон мутартай бурхан байдаг. Тэр бурхан олон гартай байгаа нь олон  юманд хүрэлцэнэ гэсэн бэлгэдэлтэй гэж байгаа юм. Тэр хүмүүст тийм л авьяас чадвар байгалиас заяачихсан байдаг юм байлгүй. Тэггэл бид бөхийн холбооны ажлын хажуугаар энэ ажлаа хийх гэж 2006 оноос оролдсон. Ном, сэтгүүл гаргаж, нийгмийн гэгээрлийн чиглэлээр ажилласан ч чадаагүй. Зэрэгцүүлж хийж чадахгүй юм билээ. Хоёр ажлыг зэрэг хийнэ гэхээр нэгийг нь заавал оромдож таарна. Тэгж оромдохгүй гээд л бөхийнхөө ажлыг үргэлжлүүлсэн.
 
 
Хурал хийж байж явах ёстой. Зүгээр хаяад явж болохгүй. Хурлаа хийж болохгүй байсаар 2018 оны гуравдугаар сарын 24- нд “Их эе”-ийг хуралдуулаад Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхчүүд сонгоод дөрөвдүгээр сарын 4-нд ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн юм. Хадаг, тамгаа, байсан 200 гаруй сая төгрөгтэйгөө өгсөн дөө.
 
 
Хоёр сар орчим амарсан ч гэх үү, нэг тийм байдалтай байлаа. Тэгээд сангаа өргөжүүлье, холбоо болгоё гээд энэ холбоогоо байгуулж, дүрмээ боловсруулаад наймдугаар сараас нь үндсэндээ ажиллаж эхэлсэн.
 
-Гэгээрлийн холбоо нийгмийг гэгээрүүлэхийн тулд ямар ямар ажил хийх вэ?
 
-Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийг хүмүүст төлөвшүүлэхийн төлөө дөрвөн чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, хэд хэдэн телевизээр хэд хэдэн цуврал нэвтрүүлэг хийхюм. Түрүүчийн нэвтрүүлгүүд эхпээд жил тойрч байна. Эхнийх нь “Эрдэмт хүн улсын баялаг” нэвтрүүлгийг ТV9 телевизээр явуулахаар шийдсэн. Тэд маань дэмжсэн, хүлээж авсан. ШУА-ийн 16 академичийг сонгоод ярилцлага хийсэн. Өөрсдөө хөтөлсөн. Эрдэмтдээр эрдэмтний ажлынх нь тухай яриулаагүй. Эрдмийн ажлыг нь яриулбал жирийн хүмүүс ойлгох нь бага. Тэр хүмүүс биднийг бодвол нийгэм, төр, хэл, соёл, шинжлэх ухааныг судалсан улсууд шүү дээ. Сэтгэлгээ нь задарсан хүмүүс. Академичид гэхээр тэднийхээ оройд гарсан хүмүүс юм. Тийм учраас академичдаасаа “Та амьдралдаа олон сайхан хүмүүстэй уулзаж явсан даа. Таны амьдралд тааралдсан их ухаантай, зөв бодолтой, зөв төлөвшсөн хүний тухай дурсаач гэвэл та хэнийг онцлох вэ", “Таныг амжилт гаргахад болон амьдрахад ач тусаа өгсөн ямар зан чанарууд танд байдаг гэж та боддог вэ”, “Хүний амьдралын утга учрыг юу гэж ойлгох вэ", “Хүн яаж амьдарсныг зөв амьдарсан гэх вэ”, “”Та мөнгийг юу Гэж үнэлдэг вэ”, “Хүний ямар зан чанарыг үнэлж хүндэтгэдэг вэ?”, “Ямар зан чанарт дургүй вэ” гэсэн ийм амьдралын асуултууд асуудаг. Нийгмийн гэгээрэл холбооны ажлын зорилтот бүлэг бол хүүхэд, залуус. Тэдэнд ийм ухаантай хүмүүсээр үг хэлүүлж байна. Манайх эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдоггүй. Хүмүүс ч тэр, төр нь ч тэр үгийг нь тусгаж авдаггүй, тэднийгээ таньдаггүй. Гэтэл эд нарыгаа танилцуулъя, үгийг нь сонсгоё гэсэн. Тухайлбал, ШУА-ийн академич Ц.Баатар гэж хүн бий. Физикч хүн. Эгэл даруугийн туйл болсон хүн. Тэр хүнээс дэлхийн эрдэмтэд 6500 гаруй эшлэл авсан байна. Тэрийг нь бид мэдэхгүй байсан. Дэлхийн эрдэмтэд 6500 эшлэл авна гэдэг гайхамшиг. Тэр хүн хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн байна шүү дээ. Тэгтэл тэр хүнээ монголчууд огт мэдэхгүй, танихгүй байна.
 
-“Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” гэгчээр их л даруу хүн байдаг гэж сонсож байсан юм байна?
 
-Сонирхуулахад Физикийн хүрээлэнгийн жижүүр солигдсон юм байна. Академич Ц.Баатар гуай ажилдаа хамгийн эрт ирдэг байж.Ажилдаа иртэл нэг залуу “Та юун хүн бэ” гээд оруулаагүй гэнэ. Ц.Баатар гуай “Намайг таньдаг хүмүүс ирэх байх аа” гээд ойролцоо нь суусан гэсэн. Тэгтэл хүмүүс эхнээсээ ирээд “Наад хүн чинь академич Баатар гэж хүн” гээд л сандарцгаагаад бөөн юм болж ажил руу нь оруулсан гэдэг. Хэрвээ өөр хүн түүний оронд байсан бол янз бүрийн бүрийн л юм болох байх. Эрдэмт хүн даруу гэдэг чинь энэ. Бид тийм л хүмүүсийг бий болгох юмсан. Тийм хүмүүсийн үгийг  хүмүүст хүргэх юмсан гэж энэ нэвтрүүлгүүдийг хийсэн л дээ.
 
-Танай ажлын бусад чиглэл юу байгаа билээ?
 
-Дээрх нэвтрүүлгийг 12 жил явуулж, 64 академичийг оролцуулна. Мөн залгамж үеийн эрдэмтэд, сэтгэл зүйчид, гавж гэвш нар оролцсон цувралууд хийнэ. Нийтдээ “Эрдэмт хүн улсын баялаг” нэрийн дор 240 цуврал дугаарыг хүмүүст хүргэнэ.
Бас ардын болон гавьяат багш нар, нэрт сурган хүмүүжүүлэгч нар оролцсон 96 цуврал, “Эх орондоо тусалъя” цуврал 72, “Ойлголт зөв бол үйлдэл зөв” цуврал 72 дугаарыг 12 жилд ТВ5-аар нэвтрүүлнэ.
Хоёрдугаарт, “Ухаарахуйн ном” 6 цуврал гаргана. Эхнийхийг нь “Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг” нэртэй гаргаад байна. 
Гуравдугаарт, “Монгол хүн” 32 ангит кино бүтээнэ. 
Дөрөвдүгээрт, гэгээрлийн цуврал лекц унших ажлыг зохион байгуулна.
 
-Яг одоо ийм нөхцөл байдалд манай нийгмийг гэгээрүүлнэ гэж ярих нь...
 
-Чухал сэдэв мөн биз.
 
-Чухал мөртлөө хүнд сэдэв. Гадагшаа гараад л эхэлж таарсан хүний харц, хэлж ярьж, харьцаж буй байдал, монголчуудын хоорондох харилцааг ажиглахад тэднийг гэгээрүүлнэ гэхээр бууж ! өгөхгүй байна. Манай нийгмийг гэгээрүүлэхэд хүндрэлтэй биш үү?
 
-Манайхан аливаа ажлыг төр л хийх ёстой гээд төрөөс шаардаад байдаг. Төр хийх юмаа хийлгүй яахав. Гэхдээ бид ч өөрсдөө бас хийх ёстой. Нэг жишээ хэлье. Бид Бөхийн өргөө барина гээд тав, зургаан жил зүтгэж байгаад барив аа даа. Монголд спортын дөрвөн том цогцолбор байгаа юм.
 
 
1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр Хятадын Засгийн газрын тусламжтайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнг барьсан. Мөн Хятадын Засгийн газрын тусламжтайгаар Спортын төв ордныг босгосон. Буянт-Ухаад босгосон Спортын ордныг мөн л Хятадын Засгийн газрын тусламжтайгаар байгуулсан. Харин монголчууд өөрсдөө санаачлаад, менежмэнтийг нь хийгээд, мөнгөө, тоосгоо цуглуулаал монгол нженер зургийг нь зурж тооцоог нь хийгээд монгол барилгачин барьсан спортын барилга бол Монгол бөхийн өргөө юм.
 
 
Тухайн үед “Монголд бөх гэж сайхан спорт байна. Ийм сайхан өв соёл байна. Үүнийг хөгжүүлмээр байна. Ингэхийн тулд ордон, өргөө хэрэгтэй байна" гээд л сайхан гоё юм бичээд төрөөс шаардаад, гомдоллоод яваад байсан бол өнөөдөр Бөхийн өргөө  гэж ордон байхгүй л байх байлаа. Тэр ажлыг зориглож хийчихээд 20 гаруй жил  ажиллуулаад байж байна. Бөхийн өргөө хотын А бүсэд дан ганц бөх барилдуулахгүй, урлаг, спортын өдөр болгоны тасралтгүй ажилтай урлаг соёлын төв байна шүү дээ. Олон дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч амьдралаа энэ өргөөнөөс дээшлүүлсэн. Эрс дээшлүүлсэн шүү. Машингүй нь машинтай болсон. Байргүй нь байртай болсон. Бие биедээ тусалъя гэхэд тусалдаг төв нь, цугладаг газар нь Бөхийн өргөө л байна. Хандивын маш олон тоглолт болдог газар. Түрээсийн бодлого нь уян хатан, хүнлэг. Ашиг орлого бодож явцуураагүй. Ард түмний юм аа, ард түмэнд нь үйлчилье гэсэн бодлого барьж ажиллацгаадаг байлаа. Эндээс “Төр хийх ёстой, бусад хүн хийх ёстой" гэж бодоод явахын оронд зөв санаа орвол оролдоод эхлэх хэрэгтэй юм байна” гэдгийг хүмүүс ойлгосон гэж боддог. Аливаа зөв ажлыг зориглоод эхэлбэл, олны дэмжлэг аваад жижигхэн горхиуд нийлээд том гол болдоггой адил хүчээ авна, их үйлсийг бүтээж болно.
 
-Та сая дурдлаа, хүмүүс төрөөс их юм хүсдэг гэж?
 
-Хүмүүс эх орноороо туслуулахыг шаарддаг. Халамж, тэтгэвэр, тусламж шаардаад л байдаг. Гэтэл бид эргээд эх орондоо туслах ёстой. Тийм үүрэг иргэн хүнд байх ёстой. Түүнийг зохион байгуулах хэрэгтэй. Тэрийг ухаандаа бид эхлүүлж байгаа юм байна. Хүн яаж эх орондоо туслах ёстой юм бэ гэхээр хүн болгонд төрсөн сум, хороо, дүүрэг гэж байгаа. Өссөн нутаг гэж бас бий. Ховдын Дарвид төрөөд Булган аймагт өссөн хүний хувьд өссөн нутаг нь Булган аймаг болж таарна. Төгссөн сургууль гэж бий. Төгссөн ерөнхий боловсролын сургууль, өссөн газар, төрсөн сум, дүүрэгтээ хүн болгон туслах сэтгэлтэй байх ёстой. Энэ гуравт тусламж үргэлж хэрэгтэй байдаг. Энэ гуравтаа хүн амин холбоотой байх ёстой гэсэн санаа.Туслахын тулд энэ зүгт таван зүйлээ үүнд зориулмаар байгаа юм. Нэгдүгээрт, тусалъя гэсэн сэтгэл. Сэтгэл бүхнийг удирддаг учраас сэтгэлээ зориулах. “Би Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн хүн шүү дээ. Тэндхийн дөрвөн жилийн сургуулийг төгссөн. Тиймээс энэ сумандаа яаж туслах вэ гэж бодож сэтгэлдээ уях хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийнхөө мэдлэг ухааныг зарцуулах ёстой. Хичнээн сэтгэлтэй байгаад мэдлэг ухаанаа зарцуулахгүй юу ч бүтэхгүй, юуг ч бүтээхгүй. “Би юу мэддэг билээ, би юу чаддаг билээ, надад ямар ухаарал бий билээ” гэж бодоход юм гардаг. Тэрнийгээ нутаг руугаа чиглүүлнэ. Миний хувьд тэгж чиглүүлсэн ажил бий. Гуравдугаарт, ажил алба, мэргэжлийнхээ давуу байдпыг зориулах ёстой. Дөрөвдүгээрт, цаг зарцуулах ёстой. Сумынхаа тухай, сургуулийнхаа тухай долоо хоног болгон, өдөр болгон 30 минут бодчихдог байх хэрэгтэй. Сум, сургууль, төрсөн газартай холбоотой уулзалт цуглаан болох гэж байна гэвэл оччихдог байх хэрэгтэй. Яагаад ч болов очих хэрэгтэй. Нутгийн зөвлөлийн хурал, уулзалт хийе гэхээр “Би ажилтай, завгүй байна" гээд ирэхгүй, ирчихээд “Би хуралтай” гээд гараад явчихдаг байж болохгүй. Цагаа зохицуулах хэрэгтэй. Тавдугаарт, бэл бэнчин. Юуг өөрөөсөө илүүчилж болох вэ гэж бодоод илүүчлэх юмгүй бол өөрөөсөө дутаагаад тийшээ өгөх сайхан. Би тэтгэврийн хүн. Тэтгэврээсээ 50 мянган төгрөгийг сар тутам сумынхаа дансанд хийхэд болно оо доо. 50 мянган төгрөгтэй ч болно, 50 мянган төгрөггүй ч болно. 50 мянган төгрөгөөр гурван хүн нэг удаа кофе уучихдаг юм байна лээ. Тэр кофег нь уухаа байчихъя. Тэгээд л сар болгоны 15-ны өдөр миний данснаас тэр 50 мянган төгрөг нутгийн данс руу орчихож л байна биз. Далайд дусал нэмэр биз дээ. Хүн бүр ийм бодол, сэтгэлтэй бол асар том бололцоо гарч ирнэ. Сургууль, сум, өссөн газар гэсэн энэ амин гурав руугаа эдгээр таван зүйлээ зориулчихаар бид эх орондоо тусалж чадна. Үүний тодорхой нэг жишээ байна. “Эх орондоо тусалъя” гэдэг нэвтрүүлгээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нутгийн зөвлөлийн ажлыг цувралаар үзүүлж байгаа. Эдний сум бол гайхамшигтай ажилладаг. Сумын дарга нь Нутгийн зөвлөлийн даргатайгаа өдөр болгон утсаар ярина. Залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага нь сум руугаа очоод ажил зохиодог болсон. Тэр сумын Нутгийн зөвлөлийн дарга бол миний найз Р.Нямдорж. Үүнийг харуулъя гээд цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Зарим хүмүүс Р.Нямдорж, Д.Данзан хоёр бие биенээ магтаж байна гэж хардаг л юм шиг байгаа юм. Үнэхээрийн нутгийнхаа төлөө ингэж ажиллаж байгаа сум харагдахгүй байна. Эдний сумын ажлын туршлагыг Монголын 330 сум аваад л хэрэглээд явчихвал сум, сургууль, өссөн газартаа тусалсан шиг тусалчихна.
 
-Чандмань сумын Нутгийн зөвлөл сумандаа хэрхэн ажилладаг гэж?
 
-Хэдэн километр үргэлжилсэн ойн зурвас байгуулчихаж байна. Цэцэрлэгт гудамж талбай, хөшөө дурсгал, амралт, спортын талбай байгуулчихаж байна. Нуур байгуулчихаж байна. Сумынхаа сургуулийг Улаанбаатарын сургуулийн түвшинд тоноглочихож байна. Нэг уриан дор бүгд нэгдээд л ийм амжилт гаргаж байгаа юм. Энэ сум “Чандмань-100” гэдэг хөтөлбөр бий болгоод бид ажиллаж байна. Монголын ихэнх сум 2023, 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Манай сумын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Манай сумын 100 жилийн ой болж байгаа юм аа гээд гадаадын найзаа дагуулаад очихын арга байхгүй. Хэцүү шүү дээ. Хэдэн навсайсан байшин, хэдэн сарайсан хашаа. Тэгээд л өмхий жорлон. Энэ 100 жилийн ойгоо угтаад сумууд Чандманий жишээ, туршлагаар сумандаа дэд бүтцийг нь хийж өгч, боловсон бие засах газартай болгоод, мод тариад, нуур цөөрөм байгуулаад, сургууль, эмнэлэг, цэцэрлэгээ тохижуулаад өгч болно оодоо. Ингэж ажиллахыг уриалж байгаа юм, үүнийг л эх орондоо туслах гээд байгаа юм.
 
 
Д.ГАНСАРУУЛ