Эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайханы ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс10 сая төгрөгийг буцалтгүй тусламж олгов.
НЗД бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар гэрт нь биеэр очин хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлэв.
Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж, “Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус  байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ" хэмээгээд талийгаачийн ар гэрийнхэнд буцалтгүй тусламж олгов. Мөн тэднээс ямар тусламж хэрэгтэй байгаа талаар хандахыг хүсэв. Ар гэрийнхний зүгээс орон сууцны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн бөгөөд хотын дарга ч хүсэлтийг хүлээн авч орон сууц олгохоо илэрхийлсэн юм. Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байсан аж.
Хэргийг тодруулбал, Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр , 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар чирж  зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар энэ сарын 17-нд нас барсан юм.
Оргон зайлсан этгээдүүдийг хэрэг гарсан өдрийн 23 цагт Майхан толгой орчмоос баривчилжээ.