sonin.mn
 
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран “Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо. 
 
Төслийн хүрээнд бага боловсролын үнэлгээний арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх системийг бүрдүүлэх арга замыг тодорхойлох юм. Төсөл хэрэгжсэнээр өөр хоорондоо уялдаатай дараах сайн үр дүнгүүд боловсролын хөрсөнд суух юм.
 
Тухайлбал: 
  • Боловсролын шинэчилсэн үнэлгээний арга зүйд нийцсэн даалгавар боловсруулах арга зүйн зөвлөмжийг бага боловсролын багш нарт зориулан гаргана. 
  • Бага боловсролын хичээлүүдээр жишиг даалгавар боловсруулан, үндэсний хэмжээний нээлттэй даалгаврын сан бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлнэ. 
  • Нээлттэй даалгаврын сан үүсгэх ажиллагаанд оролцох тэгш боломжийг багш бүрт бүрдүүлнэ. Уг даалгаврын санг сургууль, багш нар өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд болон анги дэвших, улсын шалгалтанд ашиглах боломж бүрдэн багшийн ачаалал буурна. 
  • Боловсролын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсролын түвшин, анги, хичээл, агуулга тус бүрээр боловсруулж үндэсний хэмжээнд дагаж мөрдөх нэгдсэн шалгуур үзүүлэлттэй болно.
 
Өөрөөр хэлбэл хэн юуг, хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал тодорхой болж, боловсролын чанарын, сурлагын амжилтанд ахиц гарах боломж бүрдэнэ.  Одоо нэгэнт хэрэгжээд байгаа суралцагчийн үнэлгээний журмаас гадна боловсролын талаарх төрийн бодлого чиглэлтэй нийцүүлэн багшийн болон сургуулийн үнэлгээний журмыг шинэчлэн боловсруулж, сургууль, багш, суралцагчийг үнэлэх арга зүйн чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулна. Боловсролын чанарын үнэлгээг зохион байгуулах, үр дүнг зохистой ашиглах, хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, сургалтын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор судалгааны түүврийн программ хангамж болон суралцагчийг үнэлэх шууд засалтын шилэн технологи, статистик тайлангийн цахим системийг ойрын үед нэвтрүүлэхээр зорьж байна.  Бага боловсролын талаар авч хэрэгжүүлж буй эдгээр олон талт үйл ажиллагаа нь нэгэн цогц суурь систем болон боловсролын сайн үйчилгээ авах, сайн үйлчилгээ авах, сайн үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болох юм байна.
 
 
 
 
 
 
 
Э.Сүрэн