sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос Германы “Дюссельдорф Их дуулга 2019” тэмцээний дараа бөхчүүдийн чансааг шинээр гаргасан байна.
Энэхүү шинэчилсэн чансаагаар эмэгтэйчүүдийн 48, 70, -78 кг жингийн тэргүүлэгчид солигдсоноор Дэлхийн аварга М.Уранцэцэг Украины Дарья Белодедийн өмнө орж чансааг  даван гарлаа. Сүүлийн үед барилдахгүй байгаа Дарья Белодед энэ удаа 2 байраар ухарсан байна.
Эмэгтэй 48 кг-д хүч үзэж буй жүдочдын чансааны эхний 5 тамирчныг оноогоор танилцуулахад, М.Уранцэцэг /Монгол/ 6218 оноогоор тэргүүлсэн бол Фүна Тонаки /Япон/ 6206, Дарья Белодед /Украин/ 5625 оноотой 2,3 дугаар байр эзэлжээ. Харин 4, 5 дугаар Ами Кондо /Япон/ 5450, Ирина Долгова /ОХУ/ 4790 оноотой тус тус шалгарсан байна.
Манай бусад жингийн бүсгүйчүүдээс 57 кг-д “Дюссельдорф Их дуулга 2019” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа 5849 уг чансааны гуравт эрэмбэлэгджээ. Түүний жинд Ёшида Цүкаса /Япон/ 7330, Нора Гякова /Косово/ 6155 оноогоор нэг, хоёрдугаар байрт бичигдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д “Дюссельдорф Их дуулга 2019” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, залуу жүдоч Л.Сосорбарам 20 байр ахиж, 34-т дэвшжээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг 2976 оноогоор 11 дүгээрт, ОУХМ Б.Ганхайч 1780 оноогоор 25-д тус тус эрэмбэлэгдсэн байна. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг