Ихэсийн голд манай Дарвийнхан наймдугаар сарын эхээр цугларч хадлан авдаг байв, өнгөрсөн зууны тавиад оны үед. Хадланчдад багуудын сонинг тараахаар сумын Захиргаанаас ирсэн ах яагаад ч юм билээ, надад бөөн сонин өгчихлөө. Тэгэхэд би ер нь сонинтой анх танилцаж, уншиж мэдүүштэй зүйл гардгийг мэдсэн санагддаг юм, одоо бодоход.

 

Надад олдсон тэр бөөн сонин дотор тухайн жилийн наадмын бөх, морины тухай бичсэн нь сонин санагдаад дахин дахин уншаад байсан юмдаг. Тэр үед хурдан морины уралдаан Төв аймгийн морьд айраг, түрүүг голчлон авсан талаар бичсэн байх. Улаанбаатар хотыг Төв аймгийн нутгийн дунд оршдог гэдгийг гадарлах ч үгүй явсан цаг. Олон хурдан морьтой аймаг юм даа.

 

Бусад аймгийн морьдод гүйцэтгдэхгүйг бодоход хэмээн санаж явлаа.Тавин хэдэн онд наадмын мэдээг овоо сонирхолтой дэлгэрэнгүй бичиж хэвшсэнээс тэр биз.  Бөхийн барилдааны мэдээг нь бас дахин дахин уншина аа. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Ц.Бадамсэрээжид нарын лут бөхийг харахсан гэж аминдаа мөрөөднө.

 


1961    он гарлаа. Монголын бүх ард түмний спартакиад гээд хөдөөгүүр бас сонсогдож байсан санагдана. Зургадугаар сард нийслэлд түр гэсэн тодотголтой анх орж ирлээ. Спартакиадын үндэсний бөхийн барилдааныг лав нэг удаа үзэв. Нэг гараа цагаан юмаар боочихсон Чойжилсүрэн гэдэг бөхийг таньдаг боллоо. Гарын боолтоор шүү дээ. Том бөх барилдах сүртэй сайхан байж билээ.

 


Тэгээд л тун удалгүй улсын наадам эхэлсэн. Миний анх үзсэн наадамд С.Цэрэн гэдэг өндөр цэрэг түрүүлээд, улсын аварга болчихлоо. Дархан аварга Д.Дамдин үзүүрлэсэн түүхтэй. Тэр наадмын тухай эргээд бодоход тун түргэн барилдаж байсан шиг бодогддог юм. Тухайлбал ДамдинЦэрэн, БээжинЦэрэн нарын барилдаан одоогийн сумо шиг гялс гээд өнгөрсөн санагдана.

 


Уйдахааргүй сонин барилдаан байснаас сэтгэлд тэгж үлдсэн үү, эс би мартсан уу? Аль нь ч байсан энэ гол зүйл биш. Наадмын оройноос эхлээд,

-Ээ дээ, сайхан цэрэг түрүүллээ.

-Булганы хүүхэд гэнэ, Түвдэн аваргын шийрийг хатаах биз гэхчилэн бөх сонирхогчид бүтэн жил ярилцсан нь магад.

1962 оны наадмаар заан Ж.Мөнхбат, аварга С.Цэрэн хоёрын нэг түрүүлнэ гэх их мэдэгч олон байсан даа. Би бас тийм бодолтой. Аварга С.Цэрэнтэй нүүр учирч үзээгүй. Ж.Мөнхбаттай үе насных. Бас ойролцоо техникумын оюутан гээд түүнийг дагаж гүйх. Заан маань намайг оноож таньдаг эсэхийг мэдэхгүй манаргана. Наадам сайхан болж улсын начин Д.Жамц түрүүлэн олны тааврыг эвдсэн хэдий ч түмнээ баярлуулж улсын арслан болсон түүх бий.

 

Нөгөө Ж.Мөнхбат нь шөвгөрч чадалгүй бүдэрч дахин гэнэдэхгүйгээр дархан аварга болохоор барцадаа арилгаад үлдсэнийг тэр өдөр хэн гадарлах билээ.
Аварга С.Цэрэн нь тавын даваанд ам авахаар тав дээр босч улсын цолтой, цолгүй 23 бөхөөс нэр сонсоод улсын начин У.Пүрэвийг авч барилдаад бараагүй шороодон бас л олны тааврыг “нураасан” удаатай.

 


Өвдөг, хөмсөгнөөс, эхлээд бөхийн шинжийг хадгалсан С.Цэрэн түрүүлснээсээ хойш хэсэг даруухан зан гаргасаар явснаа 10 жилийн дараа буюу 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор таваас наймын Ц.Болоож, Б.Батхуяг, Ж.Менхбат, Ж.Хайдав нарыг хаяж идэр залуухан аварга Х.Баянмөнхтэй үзүүр, түрүүнд үлдэж, үзүүрлээд даян аварга цолтой болж байлаа.


Улсын наадамд 10 гаруй удаа шөвгөрсөн даян аваргатай 1974 онд танилцан удам судрыг сонирхож явлаа. Булган аймгийн Сайхан сумын малчин ард Сэрээтэрийнд хүү төрөхөд нутгийнхан нь бөх болно хэмээн баярласан гэдэг юм. Цэргийн нагац Түвдэнням даншгийн цолтой байсны дээр эцэг нь орон нутгийн наадамд сайхан барилдсаар байжээ.


Сэрээтэрийн Цэрэнгийн тухай бичихэд орхимгүй хэдэн зүйл бий. Тэр их уран бөх байсан юм. Даян аваргаар оёулсан зодог шуудагтай бөхчүүд өнгөрсөн зууны дал, наяад онд олон байж билээ. Зодгийг сайхан оёдгоос аварга руу ханддаг хэсэг байхад, цол эрэмбийг хүндэтгэн бас хэсэг нь зодог, шуудгаа хийлгэдэг байсныг хүмүүс мэднэ.


1963    онд бөхийн чөлөөт барилдааны эрдэм сурахаар монголын хэсэг бөх Болгар улсад очсон түүх бий. Тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрсөн тул түүх бий гэж бичлээ. Тэр түүхийн хуудсыг нээсэн багийн нэг гишүүн нь С.Цэрэн. Тэр Болгарт сурсан эрдмийнхээ ачаар спортын мастер болж, олон улсын тэмцээнээс анхны хүрэл медалийг авчран залуучуудад итгэл, урам хайрласны үр дүнг хүмүүс бэлхнээ мэдэх бизээ.


С.Цэрэн хошин шогийг сайн ойлгодог, нөхдөө нөхөрсгөөр цаашлуулах авъяастай. Заримдаа “Сэр, сэр” салхины дууг аялан ойр тойрныхноо хөгжөөх дуртай. Эгэл сайхан бөх байж билээ. Үнэндээ энд байж билээ гэж бичих л харамсалтай байна.


Тэр наадмын ногоон дэвжээгээ идэр залуудаа орхиогүйсэн бол хүү Намжилцэрэн нь наанадаж улсын начин болсон байгаа даа гэж мунхаглан боддогоос ингэж бичив.
Даян аварга С.Цэрэн залуучуудад хандан, “Ахмад бөхчүүдээс сурах зүйл тун их дээ, тэднээс зөвлөгөө, сургамж байнга сонсох нь Та нарт тустай” гэж нэгэнтээ сургасан байдаг юм. Ахмад бөхчүүлийн сургамжийн дээдэлдэг бөхийн сургамж бүр ч үнэтэй биз ээ.


2004 он № 17

Эх сурвалж: “Бөх Сонин”