sonin.mn
Дэлхийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн харуулын салааны байлдагч Б.Цэлмэгтэй ярилцлаа.
 
-Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
 
-Би 1995 онд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Багаасаа бүжгийн спортод шимтэж, тасралтгүй 18 жил бүжиглэж байна. Одоогоор “Улаан сарнай” бүжгийн хамтлагт харьяалагддаг. 
 
-Ямар хувь тохиолоор олон жилийн, түүхтэй энэ ангитай холбогдов...
 
-Шил шилээ дарсан олон ажил байсан ч гэнэт л цэрэгт явмаар санагдсан. Сонин юм шүү. Тэгээд л өөрөө очиж зарлан дуудах хуудсаа аваад энэ ангид хуваарилагдсан. Цэргийн алба хаасан хүн л сайхныг нь нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрдэг байх. Миний төсөөллийг давсан салбар бол яахын аргагүй Батлан хамгаалах салбар. Хүний амьдралын хамгийн дурсамжтай бөгөөд үнэтэй цаг хором энд л өнгөрдөг байх. Ер нь өөрөө л санаачилгатай, идэвх зүтгэлтэй байвал захирагч, дарга нар ч ач холбогдол өгч, бүх талын туслалцаа, дэмжлэгийг үзүүлдэг юм байна. 
 
-Хугацаат цэргийн албанд татагдсанаасаа хойш өөртөө хэр дүгнэлт хийв, Б.Цэлмэг гэдэг хүний ертөнцийг үзэх үзлийн тухайд...
 
-Их эмх, цэгцтэй болсон юм шиг санагддаг. Хэлэх үг, хийх үйлдлээ боддог, цэгнэдэг болсон. Урлагаар төлөөлүүлбэл, тайзны соёл, гоо зүйн мэдрэмж өссөн гэж болно. Аливааг тууштай байдал, зөв хандлагаар л даваад гарахыг хичээдэг. Ертөнцийг үзэх үзлийн тухайд бол хүн чин сэтгэлээсээ л хөдөлмөрлөж чадвал амжилт ойрхон гэж боддог. Гадаа нартай байвал миний дотор ч бас гэрэл гэгээтэй.
 
Тийм учраас эрч хүчтэй, эрүүл чийрэг, цовоо сэргэлэн байхыг хүсдэг. Өөрийгөө унтраахыг хүсдэггүй. Нэг ажил л бүтэлгүйтвэл бусад ажил ч бас тийм байх юм шиг санагдаад болдоггүй юм. Эхлүүлсэн л бол заавал эцсийг нь үзэх дуртай. Тэгж байж л сая нэг санаа амарч, амьсгаа авахтайгаа болдог. 
 
-Авьяаслаг байлдагчийн ангидаа хийж буй хөрөнгө оруулалтыг сонирхвол...
 
-Цэрэгт татагдаад удаагүй байхад манай ангид Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд зохиогддог цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах хосын тэмцээний удирдамж ирсэн. Удирдамж ирсэн сургаар л тэмцээнд оролцох бие бүрэлдэхүүнийг өөрийн биеэр бэлдэж эхэлсэн л дээ. Тэмцээнд миний бие хосоороо тэргүүн байр эзэлсэн. Харин манай ангиас оролцсон бусад алба хаагчид мөн л шагналт байр эзэлж, багийн дүнгээр тэргүүлж ангиараа аваргын цомыг авчирсан. Түүнээс хойш ЗХЖШ-аас зохион байгуулсан тоглолт, концертуудад тогтмол оролцож байна. Мөн өөрөө санаачилж нэгдүгээр сард ангидаа цэнгээнт бүжгийн дугуйланг ангийн удирдлагуудын тусламжтайгаар байгуулж, бие бүрэлдэхүүн маань ч идэвхтэй хамрагдаж байна. Бэлтгэл сургуулилт хийсний дараагаар бие хөнгөрөөд, халаад ирэхээр нь бүжгийн дугуйлан руугаа яваад орцгоочихно. Дугуйлангийн маань зорилго офицер, ахлагч нараа аливаа уралдаан тэмцээнд бэлдэх, цаашлаад биеийн жингээ барихад түлхэц өгөхөд оршиж байгаа юм. Нөгөө талаараа хугацаат цэргийн алба надад амьдралд хэрэгтэй бүхнийг заасан.
 
-Таны амьдралын хамгийн дурсамжтай үе цэрэгт өнгөрч байгаа байх…
 
-Олон бий. Урлаг соёлын арга хэмжээнүүдэд уран бүтээлээ толилуулахаас гадна Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хамт нэг ширээнд хооллож яриа өрнүүллээ. Бас л сонин бөгөөд хэзээ ч мартагдахааргүй нэг өдрийг өнгөрүүлсэн шүү. Сэтгэгдэл их өндөр байгаа. Амьдралынхаа гэгээлэг дурсамжуудын нэгээхэн хэсгийг энд л бүтээж байна. 
 
-Цэргийн албыг ямар бүжигтэй зүйрлэх вэ? 
 
-Танго бүжигтэй л зүйрлэмээр байна. 
 
-Яагаад танго гэж...
 
-Танго бүжиг нь хурц үедээ хурц, зөөлөн үедээ зөөлөн байдаг онцлогтой. Гаднаа хурц харагддаг мөртлөө дотоод өнгө аяс, илэрхийлэл их өндөртэй. Анзаарвал танго бүжиглэж буй хүний харцнаас дулаан энерги ялгардаг.
 
-Таны нэрийн хуудас болсон бүжиг юу вэ? 
 
-Өөрийгөө Венийн вальс бүжгээр төлөөлүүлж ойлгодог. Учир нь энэ бүжиг зөөлөн хэрнээ давалгаалж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Миний хувьд даруу ч гэлээ бусдыг үргэлж манлайлах эрмэлзэлтэй. Тийм учраас Венийн вальсийг онцолж байгаа юм.
 
-Бүжгийн спортод хөл тавьсан тэр цаг үеийг эргэн санавал...
 
-Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангаас эхэлж ярих нь зөв байх. Бүжгийнхнээс төрсөн анхны гавьяатуудын нэг бүжиг дэглээч Ч.Жаргалсайхан багш намайг өлгийдөн авч байлаа. Тэр хүн надад бүжиглэх урам зориг өгөхөөс гадна хүн байхын ухааныг заасан гэж болно. Ч.Жаргалсайхан багшдаа их баярлаж явдаг.
 
-Тэгэхээр хүүхдийн ордонд байхаас л урлагийн тогоонд чанагдаж эхэлжээ дээ...
 
-Ер нь авьяасаа нээсэн үе л дээ. Монголын бүжгийн спортын холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан, ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг болон тус холбооны нарийн бичгийн дарга, бүжгийн спортын олон улсын шүүгч Г.Мөнхцэцэг, “Улаан сарнай” хамтлагийн багш, дасгалжуулагч Б.Номингэрэл нар л намайг тайзан дээр гараад хэн байх ёстой гэдгийг ойлгуулж өгсөн хүмүүс. 
 
-Одоогоор ямар студи, хамтлагт харьяалагдаж байна вэ?
 
-Би “Улаан сарнай” хамтлагт сүүлийн найман жил бүжиглэж байна. Улсын 14 удаагийн аварга, олон жилийн түүхтэй, нэр хүндтэй хамтлаг. Дэлхийн чансааны эхний 10-т эрэмбэлэгддэг, дэлхийн аваргын хагас финаль хүртэл явсан гээд дурдаад байвал олон “гуншин” бий дээ. Ч.Жаргалсайхан багш маань намайг “Улаан сарнай” хамтлагт ороод үз гэдэг яриаг бас л эхлүүлж байсан. Ингээд бодохоор нөгөө замыг нь зааж өгнө гэдэг шиг л багшийнхаа зааж зөвлөснөөр сайн сайхан явж байна даа. 
 
-Тайзан дээрх хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөч, ямар тэмцээн байсан бэ?
 
-Хүүхэд байсан болоод ч тэр үү, анхны тэмцээн их дурсамжтай. Одоо зохиогддог юм уу, бүү мэд намайг 4, 5 настай байхад “Шувуухай” цэнгээнт бүжгийн тэмцээн болдог байлаа. Хоёр удаа оролцож алт, хүрэл медаль хүртсэн. Тэр үед л миний бүжиглэх авьяас цухуйж эхэлсэн байх гэж боддог.
2012 онд Германы Брауншвейг хотод зохиогдсон хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дурдахгүй бол болохгүй нь. Нөгөө сандардаггүй баатар чинь яагаад ч юм сандраад эхэлдэг юм байна. Гэхдээ айсандаа бус хэтэрхий их догдолсондоо л тэр. Тийм том хэмжээний тайзан дээрээс үзэгчидтэй мэндчилнэ гэдэг ховор завшаан. 
 
-Та цагийн менежмэнт хэр сайтай хүн бэ?
 
-Бага ангид байхын олон зүйл руу хошуурдаг хүүхэд байлаа. 07:00 цагт гэрээсээ гарна, хичээл эхлэхээс 30 минутын өмнө очсон байх ёстой. Аливаад хоцрох дургүй. 13 цагт хичээл тарна, үргэлжлүүлээд даам, төгөлдөр хуур, гимнастикийн дугуйлан гэсээр 18 цаг болчихно. Бас Хүүхдийн ордон руу бүжгийн дугуйландаа явна аа. Заримдаа тоглолттой үед бүр ч оройтно. Гэрийн даалгавар л гэж аюул байлаа шүү дээ. Хийхгүй л бол болдоггүй ганц юм нь тэр. Одоо ч гэсэн бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийдэг. Хувийн шинж чанартай, найз нөхдийн хамаарал бүхий ажилд л илүү цаг гаргахаас өөр тохиолдолд төлөвлөгөөгөө эвдэхийг хүсдэггүй.
 
-Гэр бүл, найз нөхдийн оролцоо, дэмжлэггүйгээр амжилтыг тань төсөөлөх аргагүй байх... 
 
-Тэгэлгүй яах вэ. Ар тал л сайн байвал гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Ээж минь намайг бүжгээ, боловсролтойгоо хамт авч яваарай гэж их захидаг байж билээ. Нээрээ ч аль алийг нь цалгардуулахгүй байх нь гол шүү. Хилийн чанад руу явах боллоо, тийм ийм уралдаан тэмцээнд оролцохоор боллоо гэхэд ээж “Цэлмэг ээ асуух хэрэг юу байна, аа тайзан дээр л гарч байвал чи хаашаа ч хамаагүй явах ёстой” гэнэ. 
 
-Тэмцээнд оролцохдоо сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
 
-Бэлтгэл сайн хангагдчихвал сэтгэл санаа тайван л байна. Сандрал гэдэг зүйлээ ардаа орхисон. Олон улсын тэмцээн байна уу, Дэлхийн аварга байна уу, аль эсвэл Ерөнхийлөгчийн өмнө гарч бүжиглэх гэж байсан ч ялгаагүй, бүжгээ тултал, гойд сайн үзүүлэхийг л хүсдэг. Угаас тэгж байж л үнэлэгдэнэ. Тиймээс өөрийгөө нэг их дараад хэрэггүй гэж боддог. Чадсан, сурсан зүйлээ бусдын өмнө нүүр бардам харуулдаг байх хэрэгтэй.
 
-Бүжиглэхээс өөрөөр өөртөө хэр цаг гаргадаг вэ?
 
-Би ганцаараа байхыг надад олдож байгаа боломж, өөртөө зарцуулах цаг гэж ойлгодог. Кофе ууж суунгаа өөртөө дүгнэлт хийнэ, цаашид хэрхэх, яах талаараа боддог. Нэг ажлын ард гарсан л бол заавал дүгнэлт хийнэ. Ингэснээр дараагийн ажлаа төлөвлөхөд илүү хялбар бодлог юм.
 
-Бүжиглэх үед танд төрдөг мэдрэмжийн тухайд...
 
-Дурлалтай л адил юм уу даа. Зүйрлэвэл галзууртлаа дурласан юм шиг. Үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмжийн дээд цэг нь бүжиг.
 
-Энэ урлаг танаас хэр их золиос шаардсан бэ?
 
-Өөр олон зүйлд цагаа зарцуулж болох л байсан. Тэр бүхнийг золиосолсон гэсэн үг л дээ, дур сонирхолдоо хөтлөгдөөд явж байгаа учраас сэтгэл хангалуун бус байж үзээгүй ээ. Харин гэр бүл, найз нөхдөөсөө бага зэрэг хөндийрсөн байж магадгүй. Миний найз нөхөд урлагийн хүмүүс учраас намайг ойлгодог. Харин гэр бүл маань бүх бололцоогоор дэмжиж байхад тэдэндээ арай л бага цаг зарцуулаад байна уу даа гэж бодогдох үе бий. 2014 онд ээж маань өөд болсон, амьд сэрүүн цагт нь хайртай шүү ээжээ гэж цөөн удаа л хэлсэн. 
 
-Шүүгчдийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байх тохиолдол бий юу?
 
-Бий. Шууд л хэлчихдэг юм. Өөртөө итгэлтэй байвал шууд л хэлж орхино. Ер нь л болж бүтэхгүй зүйл байвал түүнтэй санал нийлэхгүй байгаагаа гаднаа ил гаргачихдаг. Энэ миний сул тал ч байж магадгүй.
 
-Бүжгийн спортоос өөрт тань үлдэж байгаа зүйл гэвэл...
 
-Хүний авч болох материаллаг бус бүхий л зүйлийг бүжгээс авсандаа баярладаг. Би МБСХ-ны бүтээгдэхүүн, залуу үеийн төлөөлөл, хүн намайг хараад яаж дүгнэнэ, бүжгийн спорт л тийм болгож төлөвшүүлсэн гэсэн үг. Бүжгийн спорт таныг бүх талаар хөгжүүлнэ. Харилцааны болон биеэ авч явах соёлоос авхуулаад, хөгжмийн мэдрэмж өгнө, өөрийгөө олоход тань тусална. Миний хувьд олон газар бүжиглэж, олон хүнтэй танилцдаг учраас улам л өөрийгөө цэгнэж эхэлнэ, бүх зүйл дээр хянамгай болоод ирдэг. Ер нь өнгөрсөн жилүүдэд өөрт хэрэгтэй гэсэн зүйлсээ сурч мэдсэн гэж бодож байна. Цаашдаа ч суралцах л байх.
 
-Бүжигчин хүний биеийн хэлээс илүүтэй харц нь их сонирхолтой санагддаг...
 
-Хүний нүднээс сэтгэлийн олон өнгө аясыг мэдэрч болдог. Нүдний харц, булчингийн ажиллагаа, царайны хувирал гээд хүнээс шавхаж болох бүхий л зүйлийг бүжигчдээс нэхнэ. Хайрын бүжиг байвал харцаа зөөллөнө, танго байвал хурц үедээ хурц, зөөллөх үедээ зөөллөнө. Үгээр тайлбарлаад байх шаардлагагүй, хөдөлгөөн нүдний харцаараа дотоод мэдрэмжээ гаргаж, сэтгэлээ илэрхийлж болно. 
 
-Хамгийн үнэтэй зүйлээ алдахад хүний сэтгэл доторх цайз, хэрэм сууриараа ганхаж эхэлдэг гэдэг. Эргээд босох сэтгэлийн тэнхээг та юунаас олж авдаг вэ? 
 
-Ээжийгээ өөд болсноос хойш хэсэгтээ л ганцаараа амьдрах гэж үзсэн. Шаналсан, гутарсан өдрүүд бий. Нулимсыг харин ч нэг дусаасан даа. Гэхдээ өөрийн баримталдаг үнэт зүйл, амьдралын зорилгоосоо урваагүй ээ. Бүжигтэй хамт өнгөрүүлж буй 20 гаруй жилийн хүч, хөдөлмөр Цэлмэг гэдэг хүнийг хичнээн зовж, шаналсан ч эргээд босох ноён нуруутай болгосон. 
 
-Таныг бүжгээс өөрөөр нээсэн зүйл байгаа юу?
 
-Загварын тэмцээнд оролцох охидод тайзны алхаа заадаг. Эрэгтэй хүн тайзны алхаа заах нь бас тийм ч түгээмэл биш л дээ.
 
-Халагдах өдөр ойртох тусам танд олон зүйл бодогдож байгаа байх...
 
-Энгийн амьдралдаа орсон ч гэсэн цэрэгт байсан шигээ цагийн хуваарийн дагуу л ажил төрлөө амжуулаад явна. Шил шилээ дарсан олон ажил бий дээ. Энд хооллох цаг нь хүртэл миний амьдралын хэв маягтай яг таараад байгаа юм.
 
-Ярилцлагын сүүлчийн хормыг танд үлдээе...
 
-Тусалж дэмждэг гэр бүл, найз нөхөд, 013 дугаар ангийн захирагч, хурандаа С.Пүрэвдорж, штабын дарга, хурандаа О.Заяат, Сургалтын албаны дарга, хошууч Д.Дэжидмаа, харуулын тусгай салааны захирагч, ахлах ахлагч Т.Батбаатар болон он жавууддаа баярлалаа гэж хэлье, бас аз жаргал эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин