sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр "Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад оролцох юм. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг нөхөрсөг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч өмнөд хөршид айлчлал хийх гэж байгаагаараа онцлог болж байна.
 
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалтай давхцан Монгол Улс, БНХАУ-ын жүдочдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулахаар болсон байна. Хөдөлмөрийн баатар, МУГД О.Балжинням дасгалжуулагчтай Монгол Улсын Жүдо бөхийн холбооны 30 тамирчин хоёр улсын хамтарсан бэлтгэлд оролцож, харилцан туршлага судлахаар болжээ. Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид тэмцээнээ өндөрлөмөгц БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорих юм байна.