sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр зохион байгуулж ирсэн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны тавдугаар сарын 01-19-нд үргэлжилж, улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтнуудаа тодруулна.
Энэ жилийн хувьд УАШТ-ийг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон байна. Эхний шатанд 11 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж аваргаа тодруулна. Харин дараагийн шат нь МХБХ-ны хоёрдугаар Лиг гэж нэрлэгдэж байгаа бөгөөд УАШТ-ий эхний 10 баг лигийн системээр нэг тойрог өрсөлдөх юм.
 
 
 
Улмаар хоёрдугаар Лигийн тэргүүн, дэд байрын багууд ирэх жил "Мазала" нэгдүгээр лиг рүү дэвшиж, энэ улиралд "Мазала" нэгдүгээр лигт сүүл мушгисан хоёр баг, хоёрдугаар лиг рүү чансаа буурах юм байна.
МХБХ нь гурван үе шатлал бүхий лигтэй болох эхлэлийг ийнхүү энэ жилээс тавьж байгаа аж. УАШТ-ийг дараа жилүүдэд уламжлал ёсоор явуулж, МХБХ-нд шинээр элссэн клубүүдэд хоёрдугаар Лиг рүү дэвших боломж олгох журмаар зохион байгуулна.
 
Д.Өлзийсайхан