sonin.mn

Зэвсэгт хүчний олимп гэгддэг, сургалт, бэлтгэлийн дээд шалгуур болсон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Өнөө жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 40 шахам ангийн 2000 гаруй баг, тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ базаажээ. Энэхүү үзүүлэлт нь тэмцээний цар хүрээ урьд жилүүдийнхээс улам тэлж, оролцогчдын тоо нэмэгдэж буйг харуулж байгаа юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүсэж хэлсэн үгэндээ цэргийн алба хаагчдын бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэхэд нийтийн биеийн тамир, цэрэгжлийн спортын ач холбогдол чухал болохыг дурдаад, тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, цар хүрээ нь өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэмцээн хугацаат цэргийн алба хаагчдын гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолтоор ийнхүү эхлэв.

 

 

 

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин