sonin.mn
Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Тэмцээнд 19 орны 139 тамирчин хурд хүчээ үзэж, 64 дасгалжуулагч хүрэлцэн иржээ. Монгол Улсаас спортын гимнастикийн тамирчин А.Энхтулга, Б.Мөнхсайхан, дасгалжуулагч Ц.Алтантөгс, Д.Оюунтуяа, олон улсын шүүгч Б.Батсуурь нар оролцож байна.
Эрэгтэй тамирчид чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морь, цагаригт дүүжин, харайлт, суга савлуур, турник гэсэн зургаан төрлөөр, эмэгтэй тамирчид харайлт, өндөр нам савлуур, дамжуурга, чөлөөт хөдөлгөөн гэсэн дөрвөн төрлөөр тус тус өрсөлдөнө. Тэмцээнийг БНХАУ-ын “АOSHI" компани дэлхийн 220 гаруй оронд интернэт болон телевизээр шууд дамжуулж байгаа юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин