sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын Кучинг хотноо хөнгөн атлетикийн 21 дахь удаагийн Ази тивийн мастеруудын /ахмадын/ аварга шалгаруулах тэмцээн ням гарагт эхэлж, 21 орны 2500 гаруй тамирчин оролцож байна.
Монгол Улсаас Дэлхийн болон Азийн аварга, гавьяат тамирчин, Т.Цэрэндолгор, дэлхийн аварга Ц.Раднаа, спортын мастер Рэнцэндорж, ОУХМ Ж.Түмэнжаргал нарын тэргүүтэй 31 тамирчин шидэлт, харайлт, буухай, гүйлт төрлөөр оролцож байгаа. Хөнгөн атлетикийн мастер Рэнцэндоржийн удирдлагаар манай тамирчид тус бүр 1-4 төрөлд оролцож байгаа юм.
 
 
Монголын баг тамирчдаас анхны мөнгөн медалийг 5000 метрийн зайд /40-44 насны ангилалд/ тамирчин Д.Ариунжаргал хүртсэн бол 400 метрийн зайн гүйлтэд /85 насны ангилалд/ Ц.Раднаа алтан медаль, 5000 метрийн зайд /60 насны ангилалд/ тамирчин Д.Дамдинжав, 50 насны ангилалд тамирчин А.Цогзолмааа нар тус бүр мөнгөн медаль хүртлээ. Мөн дэлхийн аварга Ц.Раднаа гурвын харайлтаас хүрэл медаль авчээ.
 
 
Зээрэнцэг шидэлтийн төрөлд ОУХМ Ж.Түмэнжаргал мөнгөн медаль, Т.Цэрэндолгор алт, мөнгөн медаль хүртээд байна. Тэмцээн 12 дугаар сарын 1-7-нд үргэлжлэх бөгөөд тус хотын хоёр цэнгэлдэх хүрээлэнд зэрэг зохион байгуулж байгаа аж.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг