sonin.mn

Хол явж барилдаагүй сумын заан булангийн энэ удаагийн зочноор Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Лүндэнгийн Чулуун гуайг урьж оролцууллаа. Тэрээр Гурванбулаг сумынхаа наадамд 8 удаа, Архангай аймгийн Хашаат сумын наадамд 1, нийт сумын наадмын 9 түрүү авчээ. Тэрээр ид барилдаж байхдаа 185 см өндөр, 90-100 орчим кг жинтэй байж.



-Сайхан өвөлжиж байна уу та?

-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу? Энэ зун бороо хур элбэг сайхан зун болсон болохоор газрын гарц сайн, өвс ногоо арвин, өнөтэй сайхан өвөл болж байна даа.



-Танд бөхийн удам бий юу, хэдэн настайдаа барилдаж эхэлсэн бэ?

-Манай сумын наадамд 4 удаа түрүүлсэн Намсрай гэж заан байлаа. Бид эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Ах маань бэртлээс болоод залуугаараа барилдахаа больсон юм. Харин би 1960-аад оны үеэс л барилдаж эхэлсэн дээ. 17-18-тай байсан болов уу.



-Сумынхаа наадамд хэзээ анх түрүүлэв?

-1961 онд 19 настайдаа сумынхаа надамд түрүүлээд цэрэгт мордсон. 1964 онд цэргээс халагдаж ирээд сумынхаа наадамд дахин түрүүлсэн дээ.



-Цэрэгт байхдаа барилдаж ноцолдож байв уу?

-Барилдсаан. Цэргийн анги дээр маань лагерийн барилдаан гэж болдог байв. Тэрэнд хэд хэд түрүүлсэн шүү.



-Ангид чинь сайн барилддаг цэрэг хэр олон байсан бэ?

-Өө, олон байсан. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Нэмэхийн Дашзэвэг, аймгийн арслан Болоож, Өмнөговь аймгийн заан Догсом, Төв аймгийн Мөнгөнморьтын Алтангэрэл гээд олон сайхан залуус байсан даа.



-Цэрэгт байх хугацаандаа улсын наадам болон заалны барилдаанд барилдаж байв уу?

-Барилдсаан. 1962 онд улсын наадамд зодоглож хоёр даваад гурвын даваанд Өвөрхангайн Сугарт унасан. Сугар тэр жил улсын начин болсон юм шүү дээ. Цэргийн дарга нар маань заалны барилдаанд барилдъя гэвэл чөлөө өгөөд л явуулдаг байсан.



-Тэгээд ямархуу амжилттай барилдаж байв даа, заалны барилдаанд?

-Өө, яахав. Олон сайхан хүчтэнүүдтэй гар зөрүүлж явлаа. 1962 оны өвөл Хоршоолол нийгэмлэгийн зааланд болсон нэг барилдаанд гурвын даваанд Д.Дамдин аваргад амлуулж барилдан давчихаад хачин их баярлаж билээ. Ер нь заал танхимын барилдаанд тогтмол хоёр давдаг байсан. Гурвын даваанд Ц.Дамдиндорж заанд олон удаа амлуулж дархан мэхэнд нь орж өмсүүлээд унаж байлаа. Сүүлд нь улсын засуул “дэгээ” Гончиг гуайн зөвлөснөөр барилдаад хоёр удаа давсан юмдаг.



-Гончиг гуай юу гэж зөвлөсөн бэ?

-Дамдиндорж зааныг өмсөх гээд дайрахад нь цээжээ доошлуулаад биеэ сулла, тэр үед зааны нэг хөл нь урагшаа цөмөрч гишгэнэ, тэгэхээр нь чи урт чацтай хүн гараараа цөмөрсөн хөл дээр нь өсгийлдөөд цээжээрээ түлхбэл давна гэж захисан. Яг хэлснээр нь хоёр удаа хаясан даа.



-Та цааш нь үргэлжүүлэн барилдаад байсан бол улсын цол авах боломж байсан юм биш үү?

-Ах нь 1963 оны наадмын өмнө аваарт ороод дахиж улсад барилдаагүй ээ.



-Та өөрийн болон бусад сумдын наадамд хэд түрүүлсэн гэдэг билээ?

-Гурванбулаг сумынхаа надамд 8 удаа түрүүлсэн. Бас Архангай аймгийн Хашаат сумын ойд очиж барилдаад түрүүлж байсан. Тэр наадамд улсын заан Д.Амгаа, аймгийн арслан Чойдог, ах дүү аймгийн заан Намжилмаа, Жамъяншарав нар 20-иодхон настай залуус барилдаж байлаа. Мөн Монгод, Хишиг-Өндөр сумдад болсон таван сумын бүсийн барилдаануудад түрүүлж байсан.


-Танд баярлалаа.


Жич: Булган аймгийн Гурванбулаг сум жил бүрийн Улс тунхагласны ойн барилдаанаа сумын заан Л.Чулуун гуайн нэрэмжит болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн барилдаанд 32 бөх барилдсанаас сумын заан Мөнхбаяр түрүүлж, сумын заан Равданцэрэн үзүүрлэж, сумын начин Доржзодов, залуу бөх Оюунболд нар шөвгөрчээ.


Эх сурвалж: “Бөх”