sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы Осака хотноо энэ сарын 8-нд эхлэх сүмо бөхийн хаврын башёг үзэгчгүй зохион байгуулна гэж тус улсын Сүмо бөхийн холбооноос мэдээлжээ. Энэхүү тэмцээнийг түүхэнд анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулах гэж буй нь энэ юм.
 
 
 
“Засгийн газрын хүсэлтэд үндэслэн бүх нийтээрээ шинэ коронавирусний тархалттай тэмцэж буйг харгалзан үзсэний дүнд энэ шийдвэрийг гаргасан” гэж Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
 
 
 
Мөн бөхчүүдийн дундаас хэн нэгэн халдвар авсан тохиолдолд башёг эхэлсэн эсэхийг үл харгалзан цуцална гэж Хаккакү мэдэгдсэн байна. Өмнө нь сүмогийн башёг түүхэнд хоёр удаа буюу 1946, 2011 онд тодорхой шалтгааны улмаас цуцалж байсан юм.
Засгийн газар коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргйлэх үүднээс олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн лхагва гарагт спорт, энтертайнментын арга хэмжээ зохион байгуулагчдад тавьсан ажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг