sonin.mn
Одоогоос 40 жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Картер спорт, улс төр хоёрыг хольж хутгах “огцом алхам” хийж, өөрийн улсын болон гадаадын тамирчдад хандан Москвагийн Олимпын тоглолтод оролцохгүй байхыг уриалжээ. Энэ нь ЗХУ цэргээ Афганистанд оруулсантай холбоотой шийдвэр байлаа. Тамирчдынхаа хүсэл зорилгыг эс хайхран 65 улсын эрх баригчид Картерын бойкотыг дэмжсэн нь 1980 онд дэлхий даяар АНУ-ын нөлөө асар их байсныг харуулж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс харвал дээрх уриалга нь хоёр нүүр гаргасан гутамшигт шийдвэр байжээ гэж бодогдоно. Картерын санаачилсан бойкотод Зөвлөлтийн дэглэмээс долоон дор дарангуйлагч дэглэмүүд нэгдсэн тухай,  дээрх 65 улсын 50 нь хүчинд автан Москвагийн Олимпиадад оролцоогүй тухай Аргентины “Сlarin” сонинд  сэтгүүлч Лусиана Арангис-ын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
 
Цар тахалтай холбоотойгоор Токио-2020 Олимпын тоглолтыг хойшлуулах шийдвэр нь олон тамирчны олимпын мөрөөдлийг үгүй хийлээ. Тэгвэл одоогоос 40 жилийн өмнө Аргентин болон бусад улсын тамирчид ийм зүйлтэй тулгарч байсан боловч шалтгаан нь огт өөр байсан юм. Бойкот хийхийг уриалсан АНУ-ын шийдвэрийн улмаас Москвагийн Олимпод оролцож чадаагүй тамирчдын тухай энд өгүүлэх болно. Бойкот хийх шалтгаан нь Зөвлөлтийн цэрэг Афганистанд нэвтрэн орсон явдал байсан бөгөөд энэ бол хүйтэн дайн, спорт хоёр хоорондоо холилдон хутгалдсан тохиолдол юм.  
 
1979 оны сүүлчээр ЗХУ-ын цэрэг Афганистанд нэвтрэн орлоо. Сонгуулийн кампанит ажил нь ид дундаа өрнөж байх тэр үед Жеймс Картер мэдэгдэл хийж “хэрвээ ЗХУ тодорхой заасан хугацаанаас өмнө цэргээ Афганистанаас гаргахгүй бол 1980 оны 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохион байгуулахаар товлосон Олимпын тоглолтыг бойкотлоно” гэдгийг анхааруулсан байна. Удалгүй Олимпыг бойкотлох шийдвэр ч гарлаа.
 
 
 
Ж.Картер Москвагийн Олимпыг бойкотлох тухай шийдвэрээ танилцуулж байгаа нь. 1980-01-04   
 
1980 оны 4 дүгээр сарын 12-нд АНУ-ын Үндэсний Олимпын хороо Картерын шийдвэрийг дэмжив. Хэдэн арван жил өнгөрсний дараа Картер өөрийн бичсэн дурсамжиндаа “энэ бол хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийн нэг байсан” гэж онцлон дурдсан нь бий. Олимпоос хойш хэдэн жилийн дараа тэрбээр Москвагийн Олимпод оролцож чадаагүй Америкийн бөх Жефф Блатник-тай уулзан ярилцах үеэрээ өөрийнх нь гаргасан шийдвэр алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн гэдэг.  
АНУ-ын уриалгад олон улс орон нэгдсэн бөгөөд Олон улсын Олимпын хорооны мэдээлснээр, Олимпод оролцоогүй 65 улсын 45-50 нь Картерын уриалгыг дэмжжээ.
Олон орны хувьд энэ нь хоёр нүүр гаргасан гутамшигт шийдвэр байлаа. Нэг бус удаа гэмт хэрэг үйлдэж байсан Аргентины харгис удирдагч Хорхе Рафаэль Видела тэргүүтэй цэргийн хунтынхан Америкийн эрх баригчдын шийдвэрийг дэмжиж, Аргентины тамирчдыг Москва руу явахыг хоригложээ.  Ингэснээр Аргентины тамирчид нийтдээ дөрвөн удаагийн Олимпод, тодруулбал 1896 онд Афин,  1904 онд Сент-Луис, 1912 онд Стокгольм, 1980 онд Москвад болсон Олимпиадуудад оролцсонгүй. Тэдний дотроос Москвагийн Олимпод оролцож чадаагүй Аргентины шилдэг тамирчид сэтгэл санааны хувьд хамгийн ихээр хохирсон юм. 
 
Гэтэл Америкийн холбоотнууд болох Их Британи, Франц, Австрали зэрэг улс өөрсдийн тамирчдад Олимпын тугийн дор Москвагийн Олимпод оролцохыг зөвшөөрсөн бол Мексик, Венесуэль, Бразилын тамирчид Москвад очсон нь үнэн. Харин бойкот хийх Картерын уриалгыг ХБНГУ, Канад, Япон, Турк, Норвеги болон Аргентин дэмжжээ. Тэгвэл зарим тамирчид огт өөр шалтгаанаар Москвад очоогүй юм. Тухайлбал, Хятадын Тайбэй гэдэг нэрийн дор уралдаан тэмцээнд оролцохоос Тайваний тамирчид татгалзсан байна.
 
 
 
Их Британийн хөнгөн атлетикч Себастьян Коу Москвагийн Олимпын 1500 м-ийн зайн гүйлтийн тэмцээнд түрүүлжээ
 
1980 оны 5 дугаар сарын эхээр Аргентины Эдийн засгийн сайд Хосе Мартинес де Ос АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Збигнев Бжезинский, Ерөнхийлөгч Картерын зөвлөх Ллойд Катлер нартай уулзсаны дараа Аргентины Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж “Москвад болох Олимпын тоглолтонд оролцохгүй байх”-ыг Аргентины тамирчдад “зөвлөмж болгожээ”.
Хэдийгээр Олимпыг бойкотлосон боловч тэр үеийн Аргентины дэглэм ЗХУ-тай худалдаа хийсээр л байлаа. Тэр үед Аргентин улс Зөвлөлтөд үр тариа нийлүүлэгч гол орнуудын нэг байсан юм. Ийнхүү Аргентин улс 68 жилийн хугацаанд анх удаагаа Олимпын тоглолтод оролцохооргүй болсон нь тус улсын олон тамирчны хувьд асар хүнд цохилт болов. Тэд Олимпын эрх олгох тэмцээнүүдийн босгыг давсан төдийгүй Москвагаас медаль хүртэх бүрэн боломжтой байлаа.
 
Тухайлбал, арван төрөлтийн тамирчин Тито Штайнерыг нэрлэж болно. 1952 онд Парагвайд төрсөн тэрбээр хожим Аргентины иргэн болсон бөгөөд Москвагийн Олимп түүний хувьд спортын замналынх нь оргил болох ёстой байлаа. Штайнер 1979 оны Пан-Америкийн тоглолтод мөнгөн медаль хүртээд байсан бөгөөд Олимпын медалийн тавцанд зогсоно гэж мөрөөдөж байсан хүн билээ. Хэдэн жилийн дараа тэрбээр дурсан ярихдаа “Олимпод оролцох боломжгүй болсноо мэдээд би удаан хугацаанд сэтгэлээр унасан бөгөөд гар, хөлийг минь тайрчихсан мэт санагдаж байлаа” гэжээ.
 
Өөр нэгэн тамирчин болох 19 настай Алехандро Лекот Олимпод оролцох боломжгүй болсон гэдгээ мэдэх үедээ Аргентины шилдэг усанд сэлэгч хэмээн тооцогдож байв. Гэхдээ ямартаа ч тэрбээр дөрвөн жилийн дараа Лос-Анжелесийн Олимпод оролцсон бөгөөд 1500 м-ийн зайд чөлөөт сэлэлтээр 20 дугаар байр эзэлсэн юм. Лос-Анжелесийн Олимпын наадмыг ЗХУ болон түүний холбоотнууд голдуу 13 улс бойкотлосон бөгөөд энэ нь “АНУ-ын зүгээс дэвэргэн өдөөж буй Зөвлөлтийн эсрэг хийрхэл”-ийн хариуд гаргасан шийдвэр байлаа.  
 
 
 
Италийн тамирчин Пьетро Меннеа Москвагийн Олимпын 200 м-ийн зайн гүйлтийн тэмцээнд түрүүлжээ 
 
Штайнер, Лекот нар бол Москвад очиж чадаагүй Аргентины олон тамирчдын ердөө хоёр нь билээ. Тус улсын хөлбөмбөг, зүлгэн дээрх хоккей, сагсан бөмбөгийн шигшээ багуудын хувьд цэргийн хунтын гаргасан шийдвэр маш хүнд цохилт болсон юм.
Карлос Рафаэлли, Мигель Кортихо, Карлос Романо, Эдуардо Кадиллак нар бүрэлдэхүүнд нь багтсан сагсан бөмбөгийн баг Пуэрто-Рикод болсон сонгон шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэнээр Аргентины сагсан бөмбөгчид 28 жилийн дараа Олимпын наадамд оролцохоор болоод байлаа. Гэвч 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цэргийн хунтын гаргасан мэдэгдэл нь эдгээр авьяаслаг тамирчдын мөрөөдлийг нэгмөсөн үгүй хийв. Үүний улмаас Аргентины сагсан бөмбөгчид бүр 16 жилийн дараа буюу 1996 оны Атлантагийн Олимпод оролцжээ.  
Олимпод оролцож чадахгүй болно гэдэг ямархуу хүнд хэцүү зүйл байдгийг тухайн үедээ ид гялалзаж явсан Аргентины тамирчид хэн бүхнээс илүүтэй мэдэрсэн. Тэр үед вирусээс бус харин өдгөө ихээхэн маргаан дагуулж буй бойкотын улмаас ийм явдал болсон билээ.
 
 
 
Б.Адъяахүү