sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны шигшээ багуудын шинэчилсэн чансааг лхагва гарагт гаргахад, гишүүн 210 орноос Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг 190 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Харин уг шинэчилсэн чансаанд цар тахалтай холбоотой ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. ФИФА-гаас хамгийн сүүлд 4 дүгээр сарын 09-нд чансаагаа шинэчилсэн бөгөөд үүнээс хойш дэлхийн хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ зогсонги байдалд орсон тул шигшээ багуудын чансааны оноонд ямар нэгэн өөрчлөлт гараагүй аж.
 
 
Шинэчилсэн чансааг хүчирхэг, залуу хөлбөмбөгчдийг нэг болгож чадсан Бельгийн шигшээ баг тэргүүлж, залгуулаад дэлхийн аварга Франц, домогт хөлбөмбөгчдийн эх орон Бразил, хөлбөмбөгийн өлгий нутаг болсон Англи улсын шигшээ багууд удаалсан байна.
 
 
 
Харин Ази тивийн шигшээ багуудын чансааг Япон улс манлайж байгаа бол Иран, БНСУ, Австрали, Катар зэрэг улс удаалж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг гуравдугаар сарын чансаагаар FIFA-д бүртгэлтэй 159 улсаас 123 дугаар байранд бичигджээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг