Зуны дэлгэр цаг ирж баяр наадам ойртохоор “Хаан агтаа сойход царцаа гуяа сойно” гэгчийн үлгэр болж байгаа юм болов уу даа. Өнгөрсөн ням гарагт А.Баярмагнайн туурвисан “Түмний эх” номыг уншлаа. Энэ номыг хэзээ ч юм би нэгэнтээ уншиж хөлөг морьдын хурдны шинжийг заасан тэр хэсгийг хичээнгүйлэн зурж бас хөвөөгөөр нь өөрийн гэсэн санаа бодлоо бичиж тэмдэглэсэн байх юм. Газар газрын ажнай хүлгийн тухай энэ номыг унших агшинд тэртээ 1949 онд сумын наадамд тасархай түрүүлж байсан бөхөн хатиртай жижигхэн хээр морь минь нүдний өмнө сортолзоход өөрийн эрхгүй энэ хэдэн мөрийг холбов.
Арван найман нас өөд мацаж явсан хөвүүн
Ажнай хүлгийн замаар цахилж түрүүлсэн соёолон 
Асаж ноцсон хоёр бяцхан гал 
Алсад одсон хагас зуун жил 
Найртай зуны 
Наадмын Баяртай нэгэн мөч дэх 
Хөлс дуслуулан үүрсэх 
Хээр соёолон морины үнэр Насан өтөл миний
Хамар цоргих шиг болох нь
Морь хүн хоёр
Нэгнээ үл мартах
Монгол их тавилан
Намайг эзэмдэх нь энэ үү
 
 
 
Монголчууд өнө эртээс хүлэг морьдоо түмэнтээ шинжин хаан мэт 13 чухаг, есөн урт, зургаан бүдүүн, зургаан нарийн, есөн агуу, таван охор, гурван өндөр, гурван сав, гурван өчүүхэн гэхчилэн ажнай хүлгийн хурдны голлох 57 шинжийг тогтоож бичгийн мэргэд ном судар олонтаа бүтээж үеийн үедээ уламжлан ирсэн ард түмэн. Мэргэд дээдсийн бүтээж туурвисан судар номыг зах зухаас нь бэдэрч хэлтэлж үзэхүй бас эдүгээ цагийн судлаачид уяач шинжээч нарын бичсэн хэлсэн зүйлүүд морин эрдэнийн галбир цогц эд эрхтний шинж төлөвийг голчлон илэрхийлсэн байх агаад харин зүс хурд хоёр хамааралтай эсэх талаар анхаарсан нь төдий л бус мэт бодогдном.
 
 
 
Бивээр монгол малын экологи биологийн талыг олон жил ажиглан судалсан нэгэн. Манай орны амьтны аймаг, мал сүргийн тухайд өнгө зүс экологи биологийн харилцан хамаарал ихээхэн учир холбогдолтой байдаг. Хэдэн жилийн өмнө чухамхүү энэ үүднээс мал зүйч Д.Самданжамцын Ардын хувьсгалын 67-74 жилийн ой буюу 1988-1995 оны хоорондох Улсын их баяр наадамд айраг түрүү авсан хүлгүүдийн талаар “Улаанбаатар” сонины танин мэдэхүйн нэгэн дугаарт нийтлүүлсэн жагсаалт тэмдэглэлүүдийг үндэс болгон агт морьдын зүс хурд хоёр хамааралтай байж болзошгүйн тухай өөрийн санал сэдлийг бичин нийтлүүлж түмнээ толилуулж байсан бөлгөө.
Санамсаргүй зүйлийн цаана санаанд оромгүй зүй тогтол бас байж болдог нь байгалийн жам. Ийм болох тул агт морьдын хурд зүс өөр хоорондоо хамааралтай эсэхийг улмаар сонирхон А.Баярмагнайн “Түмний эх" бүтээлийг унштал миний тэр сэдэл санаа улам лавшран энэхүү тэмдэглэлийг тэрлэхэд түлхэв. Өөрийн сэдэл санаагаа уншигч олонд нотлох эрмэлзэлдээ хөтлөгдөж 1928-1988 оны хоорондох 60 жилийн хугацааны Улсын их баяр наадамд айраг түрүү авсан морьдын зүсийг жагсаан үзвэл дараах байдал харагдаж байх юм.
 
1928-1988 оны хоорондох 60 жилийн Улсын их баяр наадмын зургаан насны морьдын уралдааны айраг, түрүү авсан морьдыг зүсээр бүлэглэн товчоолбол:
 
 
Зүсээр ангилсан энэхүү товчооноос үзвэл нарны гэрэл илчийг ихээр хүлээн авч шингээдэг хар, хээр зүс нарны гэрэл илчийг харьцангуй бага шингээдэг цагаан цайвар зүс судалгаанд авсан дөрвөн зуун ажнай хүлгийн гуравны нэгийг эзэлж байхад нарны гзрэл илчийг шингээх болон ойлгох физик шинж чанараар завсрын байдалтай байж болох зээрд, цавьдар, хүрэн, буурал, хул, хонгор, ухаа болон халиун саарал гэхчилэн зүсний агт морьд гуравны хоёрыг нь эзэлж байна. Морины хурд зүс хоёрын өөр хоорондын хамаарлын тухайд зохиогчийн сонирхлыг татаж байгаа нэг асуудал бол монголчуудын түүхийн тулгуур бүтээл “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, "Ертөнцийн элдэв сонин” зэрэг ном сударт гардаг агт морьдын зүс болой.
“Монголын нууц товчоо”-ны жар шахам бүлэг зүйлд 33 хүлэг морийг зүсээр тодорхойлсон байдаг. Энэ 33 агт морины дотор хул, хонгор, халиун, цавьдар зүс зонхилдог нь бас сонин. Тухайлбал, Бодончирын орогшун хул, Боорчийн бөгтөр хонгор мөн саарал, Жамухын хар хул, Тогтообэхийн исгэл халиун, Чингис хааны ам цагаан хул, Ван хааны сохор халиун, найман шаргыг нэхэхдээ Тэмүжиний унаж явсан оготор хонгор, Нахуу баяны орогшун” хул, хурдан ухаа, их Чилэдүгийн хурдан ухаа, Зэв, Хубилай нарын Найманд алдсан эцэнхий саарал, Тайчуудын нисэх шувуу мэт хурдан зээрд, Чингис хаан Тэмүжиний толбот бор, зост бор, шунхан саарал, Торголжин баяны дайр бор хоёр хүлэг. Энэ бүхэн санамсаргүй тохиолдлын зүйл биш агаад түүхийн гүнээс нэгэн зүйлийг хэлээд байх шиг. Нууц товчоонд тод томруун дурдагдсан 33 хүлэг морины дотор хар болон цагаан зусмийн морь ердөө гуравхан бий.
Монгол нутагт Неогений галавын үе буюу 20 гаруй сая жилийн тэртээ нэгэн төрөл өвөг адууны аймаг Дорнодын талаас Их нуурын хотгор Дархан Сэлэнгийн сав нутгаас өмнийн говь хүртэл эдүгээ цагийн Монгол нутгийн энгээр тархмал байсан нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон зүйл ээ. Одоо бидний тахь хэмээн нэрлэж буй  зэрлэг адуу бол 20 хэдэн сая жилийн тэртээх дээр дурдсан өвөг адуу монгол адуу хоёрыг гарал үүсэл түүхэн хөгжлөөр холбож байгаа гүүр гэдэг нь гарцаагүй. Чухам энэ үүднээс Монгол нутгийн адуун сүрэг ажнай хүлгийн тухайд аливаа асуудлыг тэр дундаас зүс хурдны харилцаа хамаарлыг ч тахитай холбон үзэх нь үндэслэлгүй асуудал биш байж мэдэх. Адуу судлаач эрдэмтэн А.Баярмагнай “Түмний эх” хэмээх бүтээлдээ Монгол даяар хурдны түүхэнд мөнхөрсөн ажнай хүлгүүдийг нутаг ус, эзэн, удам гарал, нас, зүсээр нь тодорхойлон бичсэн байх агаад тэдгээрийн дотроос чухамхүү дархалсан хурд гэж үзүүштэй 60 хүлэг морийг зүсээр ангилан үзвэл тэдгээрийн зөвхөн долоо нь хар, гурав нь цагаан үлдсэн 50 нь хүрэн зээрд, цавьдар, хул, хонгор, халиун, саарал гэхчилэн завсрын зүснийх байна. Уншигч түмэн тэр дундаас морины хорхойтон уяач, уралдаанч тэр хүмүүс зохиогчоос шаардах гол асуудал бол агт морьд ажнай хүлгүүдийг зүсээр ангилбал тийм байдаг байж тэр бол нэг хэрэг. Чухам үүнийхээ учир шалтгааныг гаргах нь гол зүйл гэж үзэх нь зүй. Би Монгол малын биоэкологийг судлах явцдаа Говь-Алтай аймгийн адуун сүргийн зүсэнд судалгаа хийхэд 20 бүлэг 237 зүс нэршил тодорхойлогдож байсны 65, 7-67.8 хувь нь бараавтар зүсний бүлэгт багтаж байсан ба ер нь ийм төлөв аль ч нутгийн адуун сүрэгт нийтлэг юм шиг ажиглагддаг бөлгөө.
 
 
 
Монгол нутгийн адууны зүс ийнхүү бараавтар талдаа байдаг бөгөөтөл баяр наадмын айраг түрүуний морьдын зүс үүний эсрэг завсрын буюу саармаг зүс зонхилж байгаа явдал тохиолдлын зүйл үү аль эсвэл зүй тогтлын асуудал уу гэсэн нэгэн зүйл гарч ирж байгаа юм. Үүнд барин тавин өгөх хариу надад байхгүй. Тэгэх мөртлөө хар хээр болон цагаан цайвар зүсний адуу завсрын зүснийхээс хурдаар дутуу гэж нотлохыг оролдох ахул хуудуу хэрэг болно.
 
 
Хэдий тийм боловч бас хар цагаан зүсний биш завсрын өнгө зүстэй агт морьд баяр наадмын айраг түрүүг ихэвчлэн авч ирсэн баримтыг биоэкологийн үзэгдэл талаас нь авч үзвэл тайлбар өгөх учир зүй байж болох талтай. Олон хоногоор уналга эдэлгээ /сунгаа, хөлс авалт гэх мэт/ хоол тэжээлийн маш нарийн дэг барьж, уяа сойлго оруулж уг биетийн биологийн цагийг хүний эрхшээлд хөтөлсөн нь хүлэг морьдын физиологийн үйлийг ихээхэн эмзэг нарийн болгосон байх учиртай. Ийм тохиолдолд өдөр шөнийн 24 цагийн дотор олон янзаар хувирч байдаг эрс тэс цаг уур нэг агшинд халуун нар төөнөж нөгөө агшинд хүйтэн бороо шавшиж сэрүүн салхи үлээх зэрэг огцом хувирал тэдгээрт нөлөөлж уяа сойлгын хэм гажиж агт морьдын хурдлах чадварт сөрөг нөлөө үзүүлэх тал байж болох бөгөөд тэр нь өнгө зүснээс шалтгаалж байх учиртай.
Мал сүрэгт бидний хийсэн судалгаагаар хар зүс цагаан зүснээс 20.9 хэм буюу 89.4 хувь хүрэн бор зүснээс 12. 9 хэм буюу 47.7 хувь илүү дулаан шингээж байсан бөгөөд академич Ц.Жанчив үхэр сүргийн тухайд цагаан зүс нарны гэрлийн 49, улаан зүс 78 хүвь, хар зүс 88 хувийг шингээдэг гэж үзсэн байдаг. Учир ийм болох тул агт морьдын уяа сойлго жигдэрч хурдны торгон ир суух тэр эмзэг нарийн цаг үед хул, хонгор, зээрд, цавьдар, халиун, хүрэн гэхчилэн завсрын зүсмийн хүлэг морьдоос хар, хээр мэтчилэн бараан зүсний болон цайвар цагаан зүсний агт морьдод халуун нар шарах, хүйтэн бороо цутгах, сэрүүн салхи үлээх мэтийн тухайн агшны цаг уурын хүчин зүйлийн нөлөө илүү тусаж үүний улмаас тэдний уяа сойлгын торгон ир гажиж хурдлах чадварт нь сөрөг нөлөө үзүүлэх тал байх учиртай бөгөөд ялангуяа олон хоногоор экологийн задгай орчинд зуны нарны тусгал дор тэжээлийг нь саах замаар хүч таргыг нь нимгэлж бодисын солилцооны нөөцийг хязгаарлагдмал болгосны гадна удаа дараа сунгах, хөлслөх зэргээр хүлэг морьдын бие дэх ус, эрдэс бодисын алдагдлыг ихэсгэсэн тэр нөхцөлд экологийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд агт морь автаж ямар нэг хэмжээний хямрал (стресс) үүсэхийг үгүйсгэх тал байхгүй.
 
Хаа газрын уяачид өглөөний нарнаар үүл шинжиж тийм зүсний морь давуу хурдална гэхчилэн таамаг гаргадаг. Энэ таамгийн цаад үндэс нь үүлний өнгө биш тэр өдрийн тэнгэр хүлэг морьдын зүсний харилцан нөлөөлөл байж болох бөгөөд үүнийг өдөржин шөнөжин морь тэнгэр, газар, дэлхий гурвыг хичээнгүйлэн ажиж ухаан бодлоо хөвчилж байдаг уяачид ажиж мэдсэн байж болох юм. 
 
Монгол түмний морь шинжих, уях уралдуулах эрдэм ухаан мянга мянган жилээр ардын оюун билгийн түвшинд уламжлагдан явж иржээ. Ард түмний билиг оюуны энэ санг эдүүгээ шинжлэх ухааны оюун билиг, арга зүйн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх чиглэлд уяач уралдаачид, морин эрдэнийг шүтэгч хэн бүхэн эрдэмтэн судлаачидтай хамтран зүтгэвэл хийх зүйл тун ч их байх шүү. Ер нь монголчуудын морь шинжих, уях, уралдуулах арга билгийг биологи экологийн шинжлэх ухааны үүднээс ажиглахад нэн сонирхолтой шинжлэх ухааны арга бэлгийн зохих үндэслэл язгууртай асуудал чамгүй их байх шиг бодогддог юм.
Би агт морьдын зүс, хурд хоёрын харилцан хамаарлын тухай хоёр дахь удаагаа хендөн бичиж байна. Эхний удаад шинжлэх ухааны хүрээнд Монголчуудын морь шинжих, уях, уралдуулах арга уламжлалыг судлах нягтлах талаар гурван санаа дэвшүүлсэн энэ удаад практик талтай холбогдсон нэгэн санал хэлье.
Морины хорхойтон, уяач, уралдаачид хурд сайтай хүлэг морьдтой болох хэрэгцээгээ дараах арга замаар хангадаг бололтой.
Нэгд, өөрийн сүргээс шилж шинжиж олох, Хоёрт, бусдын сүргээс худалдаж авах, Гуравт, хурдны шинж, удам бүхий гүү азаргыг сонгон нийлүүлж хурд гаргах.
Энэ гурван замын аль алинд нь адуун сүргийн удам угсаа, галбир цогцыг үндэс болгож ирсэн бөгөөд зүсийг анзаардаггүй байсан бололтой. Хэрэв зүсийг анзаарвал магадлалын онолын дагуу онох нь алдахаасаа магадгүй хоёр дахин их байж болзошгүй.
 
 
Т.Содной
Эх сурвалж:  "Монголын үнэн" сонин