sonin.mn
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулуунаа хэдэн азарга адуу өлхөн багтахаар хадан хүрээтэй нэгэн хэсэг бий. Түүнийг Хур харцагын таг гэдэг. Энэ хавьд эхтэйгээ амьдардаг Хур гэгч залуу байж. Он цаг нь гэвэл 1700-гаад оны сүүл үе юм. Тэр залуу Дайчин бээсийн хошуу ноён Үржинжавын амны усыг зөөдөг зарц нь.
 
 
 
Бяр тэнхээ нь өөрт нь мэдрэгдээд барилдчихсан гэж бодогддог болж. Нэг удаа ноён нь түүнийг наадамд явахдаа галчаар авч явжээ. Олон хошууны ноёд ирсэн тэр наадмын үеэр Боржигин цэцэн ван Хурыг заан Үржинжаваас "Энэ танай бөх үү" гэж. Бишээ галч гээд өнгөрч. Орой нь Цэцэнвангийнхан барилдаж дасгал хийхэд Хур хүү очоод "Би барилдъя" гэж.
 
 
 
Зөвшөөрч дээ. Тэгтэл Хур хүү хамаг бөхчүүдийг нь түүртэлгүй хаячихаж. Вантан нэг муу галч нь ийм байгаа юм, бөхчүүд нь бүр сайн биз гэж бодож. Хур хүү зориг орж наадамд намайг барилдуулаач гэж ноёноосоо гуйжээ.  Тэгэхэд ноён нь "Хэрэв чамайг түрүүлбэл би хариад таван ханатай гэр өгнө" гэжээ. Тэгээд наадамд зодоглоод Хур түрүүлж харцага цол хүртэж хошууныхаа нэрийг гаргажээ. Гэтэл нутагтаа ирсний дараа ноён нь амласандаа хүрсэнгүй. Хур харцага дургүйцэж адарч юм л бол ноёнтой сөргөлдөх болов. Тиймээс ноён Хур харцагыг нутгаасаа хөөж. Ингээд Хур харцага өөр хошуунд очиж амь зуухаар өмгөр муу гэрээ баглаж үүрээд ижийгээ дээр нь суулгаад хөдлөхдөө:
-Хошууны чинь бөх надаар дуусаг гэж хэлээд зодгоороо ноёны гэрийн босгыг шавхуурдчихаад явсан гэдэг. Хур харцага гэдэг бодит хүн байсныг энэ домог гэрчилдэг юм. Түүнээс хойш энэ нутаг бөхгүй болсон тухай домгийн зүүлт болсон яриа бий.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин