sonin.mn

Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийнхөн цахимаар хуралдаж гишүүдийн ээлжит бус хурлын товыг зарлалаа. Цахим хурлаар “COVID-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлыг ирэх наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна.

 

 

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлаар Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгохоор санал нэгдсэн байна. Мөн хорооны цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын "Элч”-ийг томилох талаар хэлэлцжээ.

 

 

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн. Иймээс ээлжит чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчийг сонгох нь “Токио-2020” зуны олимпын XXXII наадам ойртоод байгаа энэ үед зайлшгүй шаардлагатай байгаа юм. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсаас төрсөн олимпын анхны аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй хүмүүсийн нэрийг дэвшүүлээд байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин