sonin.mn

УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр: "Энэ удаагийн төсвийг хэлэлцэхэд дараах гурван чухал үндэслэлийг ярих шаардлага үүсэж байна. Нэгдүгээрт, УИХ-аас 2026 оны тавдугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027 оны улсын төсвийн зарлагын дээд хязгаарыг 36.5 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан.


Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэж амжаагүй байтал Засгийн газар төсвийн төслийг дахин шинээр өргөн барилаа. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу Засгийн газар нь УИХ-аас баталсан шийдвэрийг чанд мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг 36.5 их наяд төгрөгт багтаан өргөн барих ёстой байтал 42 их наяд төгрөг болгон оруулж ирсэн нь Засгийн газар хууль зөрчсөн үйлдлийг харуулж байна.


Үүнээс гадна хавар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх хуулийн төслийг хамтад нь оруулж иржээ. Хууль батлагдсан өдрөөсөө эсвэл заасан хугацаанаасаа мөрдөгддөг атал Засгийн газар хараахан батлагдаагүй байгаа тодотголын тоо хэмжээнд үндэслэн ирэх оны төсвийг боловсруулсан байна. Иймд Засгийн газар хүчин төгөлдөр бус хуулийг урьдчилж хэрэглэн, хууль тогтоомж зөрчлөө гэж АН-ын бүлэг үзэж байна.


2027 оны улсын төсвийг 42 их наяд төгрөг гэж төлөвлөсөн нь өмнөх онуудын буюу 2025, 2026 оны төсвөөс 32.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Нэг талаас, төрийн өмчит байгууллагуудын орлогыг төсвийн ашиг гэж тооцож байгаа хэрнээ, зарлагыг нь түүнтэй адил түвшинд өсгөж авч болохгүй. Жишээлбэл, айл өрхүүд орлого олж буй үедээ хуримтлал үүсгэдэгтэй энэ нь адилхан юм. Гэтэл улс орон мөнгө олсон үедээ түүнийгээ хий дэмий үрээд байвал цаашид хэрхэн тогтож үлдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэрэв Засгийн газраас тогтоосон төсвийн хэмжээг 35 их наяд төгрөг гэж зарласан бол энэ нь буурах ёсгүй. Гэвч ирэх жилүүдээс эдгээр зардлууд буурах биш, харин ч нэмэгдэхээр байна. Зардал ийнхүү өсөх нь нэг талаас асар их хохирол дагуулахаас гадна эдийн засагт маш хортой гэж ойлгож болно. Одоогийн байдлаар төсвийн танилцуулга бүлэг дээр хийгдэж, үүний хүрээнд гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр, "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн сургуулиудтай уулзалт хийсэн гэх. Гэтэл сургуулиудын зүгээс холбогдох ажил нь хэдийнэ хийгдчихсэн, одоо зөвхөн төсвийн тодотголыг л хүлээж суугаа гэх агуулгатай зүйл ярьж байна.


Сүүлд үүсээд байгаа хоёр асуудлыг та юу гэж харж байна вэ? Ерөнхий сайдын ээж Их Засаг сургуульд хувьсах зардал хуваарилсан гэх асуудал ил болоод сүүлийн хэдэн өдөр нэлээд шуугиж байна. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байна вэ?


УИХ-ын гишүүдэд хууль, төсвийн ямар нэгэн задаргаатай файлыг өгдөггүй. Хуулийн төсөл, төсвийн тодотгол зэрэг төслүүдийн эцсийн хувилбарыг PDF хэлбэрээр өгдөг. Наймдугаар сарын 30-нд Засгийн газарт өргөн барьсны дараа би УИХ-ын гишүүдийн групп дээр “УИХ-ын дарга аа, үүнийг Excel файлаар өгөх тал дээр анхаараач ээ” гэж хүсэлт тавьсан. Тэгээд есдүгээр сарын 5-нд бидний дундын групп дээр Excel файлаар оруулж өгсөн. Та нарын асуугаад байгаа тэр файл бол ажлын файл байна лээ. Тиймээс одоогоор үүн дээр шууд дүгнэлт хийх боломжгүй гэж би харж байгаа.


Та Ерөнхий сайдад итгэж байна уу?


Итгэж байна. Арай тийм ёс зүйгүй зүйл байхгүй байлгүй дээ гэж бодож байна.


Хэрвээ энэ асуудал үнэхээр нотлогдчихвол яах вэ?


Тийм бол огцрох л хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтан хүн ёс зүйн болон хууль зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой.


Танай намын 41 хүний гарын үсэг Ерөнхий сайдыг огцруулах тухай гарын үсэг мөн үү?


Тэр чинь гурван хуудас бичиг байгаа. Зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал биш. Тэр бичигт юуны өмнө үнийн өсөлтийн асуудлыг тавьсан. Мөн улс төрийн хариуцлага тооцох асуудал байгаа. Ерөнхийдөө “Засгийн газарт хариуцлага тооц. Хэрэв Ерөнхий сайд Засгийн газартаа хариуцлага тооцож, асуудлыг шийдэж чадахгүй бол Ерөнхий сайд өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой” гэсэн агуулгатай гурван хуудас бичиг байгаа. Тэгэхээр тэр 41 хүний гарын үсгийг шууд “Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг” гэж ойлгож болохгүй. Бидний тавьж байгаа гол шаардлага бол Засгийн газарт улс төрийн хариуцлага тооцох асуудал." гэсэн юм.