sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Tornelo цахим сайтаар зохион байгуулсан Тив хоорондын цомын аварга шалгаруулах шатрын багийн тэмцээнд Ази тивийн шилдэг өсвөрийн шатарчдын баг Африк, Европ, Америк тивийн багуудыг хожиж /2020.10.10/ түрүүлэн, цомын эзэд болов.
 
 
 
Энэхүү тэмцээнийг Их мастер Юдит Полгарын нэрэмжит 6 дахь удаагийн "Global Chess" фестивалийн хүрээнд Европын шатрын нэгдэл /ECU/ болон Дэлхийн шатрын холбооны хөгжлийн сангаас зохион байгуулсан бөгөөд Азийн баг нэг хожигдолгүй түрүүлсэн байна.
 
 
 
 
 
 
Монголын шатрын холбоо “COVID-19” халдварын үеэр цахимаар гадаад харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн Азийн шатрын холбоотой нягт уялдаа холбоотой байдгийн үр дүнд Монголоос 5 өсвөрийн шатарчид бусад орны шилдэг өсвөрийн шатарчидтай хамт нэг баг болон Ази тивээ төлөөлөн энэ тэмцээн ийнхүү оролцов. Тухайлбал, ДШХДМ Э.Азжаргал, ДШХДМ Б.Тэнүүнболд, ДШХДМ Л.Очирбат, ДШХМ Д.Мөнхзул, ОУМ Д.Батсүрэн нар оюун ухаанаа уралдуулсан байна.
Тэмцээнд Ази, Европ, Африк, Америк гэсэн 4 тив тус бүрээс сонгогдон оролцсон 64 өсвөрийн шатарчид Их мастер Юдит Полгарын 1 цаг 30 минут үргэлжлэх "Masterclass" хичээлд суух эрх, түрүүлсэн нэг баг Алтан медаль, дипломоор шагнагдах болзолтой юм.
 
 
 
 
 
 
Тэмцээний цахим нээлтийн үеэр Их мастер Юдит Полгар тэмцээнд сонгогдон оролцож буй 4 тивийн 64 шилдэг өсвөрийн шатарчин хүүхдүүдэд өөрийн биеэр тусгайлан баяр хүргэсэн бөгөөд Ази тивийн багийн ахлагчаар Энэтхэгийн шатрын холбооны Дэд ерөнхийлөгч Бхарат Сингх ажиллажээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг