sonin.mn

/Дундговь аймгийн "Хурхарцага" дэвжээг анх байгуулагдахад зориулан зохиож байв/

Уулыг тал болтол нь барилддаг

Ургаа хадыг булга татан ноцдог

Уужим буурал өвгөдийн удам

Би тавын давааг гуйхгүй

Тоглож өссөн унаган багын Алгирмаа

Торгон дээл хосоор нь урлаж зэхчихээд

Начин шонхор эргэх тэнгэрийн уудам руу

Нар саравчлан хүлээхдээ догдлон суугаа

Хүүгээ бөх болгоно оо гэж багаас нь зассан аав минь

Хүрэл зүрхнийхээ угт баривчтай чигээр нь хайрлавч

Наадамд ганзагалах ногтыг эр сураар зангидаж

Надад даагатай ирээрэй гэж дээлийн зах мушгиж

Сумын минь намхан толгод хүлээж байгаа

Түшиг заяа минь болж онгод хөглөсөн

Омголон улаан салхи нь сайн барилд гэж

Хонгон дээр алгадаж байхад

Би тавын давааг гуйхгүй ээ

Жаран жарнаар өртөөлсөн

Эх түүх минь өөдөө

Жамух Тэмүүжиний барилдаж өссөн довцог

Өлмийн дороос тэгшилж байхад

Өөдсийн чинээ бие минь хүчтэнээс сүрдэж даваа горьдохгүй

Цагаан будаа загасхан зооглодог арлын эрийг

Цацсан шагай шиг хаяж орхисоор

Өмнөө наран улсыг доргитол хүрхрэх

Өглөөний хөх луу минь босоо байхад

Тавын давааг гуйхгүй ээ би

Олон олон аавын сайхан эрийг

Орчлонгоос даваа горьдохыг үл хүснэм

Талын бүргэд шиг салхи зүсэн нисээсэй

Тавилан заяа хоёроо энэ л гараараа бүтээгээсэй

Тавын давааг гуйхгүй ээ би

"Өөш манхан" сувилалын эмч Төртогтохын Сосорбарам

Эх сурвалж: "Бөх" сонин