sonin.mn

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монголын чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярыг урьж ярилцлаа.



-Өнгөрсөн он “Алдар” спорт хорооны тамирчдын жил байсан гэхэд хилс­дэх­гүй. Тив, дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнээс эх­лээд үндэсний их баяр наа­дамд хүртэл өнгөтэй сайхан барилдаж, амжилт гаргасан шүү дээ?


-Тийм ээ. Манай спорт хо­рооны тамирчдын амжил­тыг хангалттай сайн гэж хэлж чадахгүй ч боломжийн байгаа гэж дүгнэж байна. Ганц­хан чөлөөт гэлтгүй үндэсний бөхийн спор­тод ч түлхүү анхаардаг. Бүх амжилт маань бидний хамтын бүтээл юм.

-Шинээр хүч түрэн гарч ирж буй тамирчид Ц.Цогт­­­баяр, Ц.Хосбаярын гэсэн то­дотголыг ихэвчлэн да­гуулж байна?


-Баярлалаа. Зөвхөн бид хоёр гэлтгүй, монголын чө­­­лөөт бөхийн спортод шил­дэг дасгалжуулагч олон бий. Манай “Алдар” спорт хо­­роонд дөрвөн настай хүү­хэд хүртэл хичээллэхээр ирж байна. Тийм жаахан хүүхдийн мөрөөдлийг бид үгүй хийж болохгүй. Суу­рийг нь та­­виад өгөх хэрэгтэй. Тэгж чад­­вал тууш­тай нь үлдээд, спортын­хоо төлөө сэтгэлтэй нь цааш­даа амжилт гаргадаг.

-Таны шавь нар дэл­хийн аваргын медалийг өсвөр, залуучууд, насанд хүрэгч­дийн ангилалд хүртлээ. Одоо олимпиос медаль авах л үлдэх шив?


-Миний тамирчид медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй яв­даг. Бидэнд нөөц бо­лол­­цоо бүрэн байгаа. Өөрсдөө авч чадаагүй юм чинь та­мирч­­­даараа л тэр бүхнийг ава­хуулна даа. /Инээв/

-Таны дүү Ц.Цогтбаяр шигшээ багийн ахлах дас­гал­­жуулагч болчихлоо. Ачаа­­­­­­лалтай ажиллаж бай­на уу?


-Асуудалгүй ээ. /Инээв/ Олон жил миний хийж ирсэн ажил. Өөрөө тамирчин байсан хүн дасгалжуулагч болохоор ямар ч ажилд асуу­дал гараад байдаггүй. Цогоо маань шигшээ багийн ахлах дас­галжуулагч болсон ч хүүхдүүдээсээ хөндийрөөгүй. Ярьж хэлэх, заах зүйлээ сургаад л явж байна.

-Нэг гэр бүлийн хүүх­дүүд багаасаа чөлөөт бө­хийн спортод хөл тавьж одоо хэр нь хамтдаа дасгал­жуулагч хийж байгаа нь со­нин тохиолдол шүү?


-Ховор бас азтай тохиол­дол.

-Ингэхэд та чөлөөт бө­хийн спортод хэрхэн хөл тавьж байв?


-1984 онд цэргийн албанд мордож байсан. Бө­хөд хөтөлсөн миний анхны багш гэвэл 1960-аад оны ма­най улсын чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг бөх, ОУХМ С.Сүрэнжав агсан байлаа. Тэр буянтай хүний дэмжлэгээр тухайн үеийн “Найрамдал” ний­гэмлэгийн бөхийн сек­цэнд анх орж хичээллэж эхэлсэн түүхтэй.

-Тухайн үедээ нийгэм­лэгийн аварга шал­гаруулах тэмцээнд орол­цож анхны медалиа хүртэж байсан гэдэг?


-Багш минь энэ тэмцээнд амжилт гаргах ёстойг са­нуулж байсан. Тэгээд тэм­цээний 38 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн. Ту­хайн үедээ бөөн баяр. Хүмүүс жин багатай, жаахан гээд их өхөөрдөнө.

-Харин 1985 оноос “Алдар” спорт хороотой хол­­бог­дож эхэлсэн байхаа?


-Тийм ээ. Очсон үеэс чөлөөт бөхийн спортоор тууш­­­тай хичээл­лэж эхэл­­сэн. Лодой, Магсар зэ­рэг дас­галжуулагчдын удирд­лага дор “Алдар”-ынхан бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хий­нэ. Тэнд Оюунболд, Баа­тар­­хүү, Гочоосүрэн, Алтан­­шагай, Баяр­сайхан, Энх­тайван, Энхжаргал зэ­рэг бөх­чүүдтэй хамтдаа бэлт­­­гэ­л хийж, уралдаан тэм­цээнд орох болсон нь миний амжилтад сайн нөлөө үзүүлсэн гэж боддог.

-“Алдар” спорт хороонд данслагдахаас өмнөх жил нь та өсвөрийн улсын аварга шал­га­руулах тэм­цээнд орол­цож хүрэл ме­даль хүртэж байсан са­нагдана?


-Спортын анхны том ам­жилт гэвэл 1984 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилт. Спортын том ам­жилтын гараагаа бас л хүрэл медалиар эхэлж байс­наа бэлгэшээж явдаг.
Энэ тэмцээний дараа, да­раагийн жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнд тогт­мол амжилт үзүүлж байсан. Харин 1988 оны олим­­пийн жилд зохиогдсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анхны алтан ме­далиа хүртсэн.

-Та тэр жилийн залуу­чуудын улсын аваргад хүр­тэл түрүүлсэн. Гэ­тэл олим­под яагаад Т.Сүх­баа­тарыг явуулсан юм бэ?


-Дасгалжуулагчдын шийд­вэрээр олимпийн дэв­жээнд дээд жингийн шилдэг бөх ОУХМ Т.Сүхбаатарыг зо­доглуулсан юм. 1987 онд зохиогдсон МБАТ-ий VIII спартикиадын тэмцээнд би амжилттай барилдаж, 48 кг-д түрүүлсэн. Энэ үеэс шигшээ багийн тамирчин болж чадсан.

-Таниас гадна дүү нар тань чамгүй сайн бөхчүүд явсан. Хүүхдүүд нь бүгд бөхийн спортыг сонгоход аав, ээж нь хэрхэн хүлээж авч байв?


-Анх намайг барилдахад аав, ээж уурлах нь гайгүй байсан. Гэтэл Энхбаяр, Цогоо хоёр хулгайгаар бөхийн сек­цэнд яваад эхэлсэн. Том ах цэргийн ерөнхий сургуульд орчихсон. Гэр хороололд амьдардаг байсныг хэлэх үү. Хийх ажил их. Аав, ээж гэрийн ажил цалгардахад жаахан дургүйцдэг байсан. Уг нь тэрсхэн өсчихсөн гур­ван хүүхэд жингээ хамт­даа хасчихна. Би чинь талийгаач дүүгээсээ илүү­тэй, Цогоогоо хажуудаа ав­чих­­на. Тэгэхээр дүү минь их гомдоно.



-Нэг гэрийн хөвгүүд бүгд бөхийн спортод хор­хойтой. Гэр орон ч бөхийн “дэвжээ” л гэсэн үг биз?


-Эргээд санахад бид нэг бол барилдана, үгүй бол сунадаг ширээн дээрээ тен­нис тоглож л өнгөрөөдөг бай­ж. /Инээв/ Тэгээд аав, ээжийгээ ирэхээс өмнө гялс янзалчихдаг. Тийм л үе бай­сан. Манай аав на­саа­раа эм хангамжийн байгуул­лагад ерөнхий нягтлан хийсэн хүн. Аавд минь шагналын байдлаар гурван өрөө байр өгсөн. Тэрний том өрөө ер нь хэцүүхэн байсан. Эргээд бодоход доод талын айл л их зүдэрсэн байх.

-Амжилт харагдаад ирэ­хээр эцэг эхийн дургүй­цэл ч арилсан байх?


-Тэгэлгүй яах вэ. Царай­наас нь эхлээд л илт шүү дээ /Инээв/ Хамгийн бага дүүг Тэгшбаяр гэдэг байлаа. Дүү Энхбаяр, Цогтбаяр нар маань тус бүр хоёр олим­пийн дэвжээнд эх орноо тө­лөөлөн оролцож байсны дээр Цогтбаяр маань 1993 оны Торонтогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

-1992 оны Барселоны олимп. Нэг гэр бүлийн гур­ван хүүхэд олимпийн наа­дамд орсон нь бас л ховор тохиолдол шүү?


-Олимпод би 48 кг-д, Энхбаяр 52, Цогтбаяр 57 кг-д өрсөлдсөн. Миний оргил амжилт гэвэл Барселоны олимпийн наадам гэж дот­роо бодож явдаг юм.

-Та наймдугаар байр эзэл­­сэн. Гэхдээ л дэлхийн том­­­чуу­дыг өвдөг шороодуул­сан?


-Миний жинд 19 бөх өрсөлдсөн. Испанийн М.Сан­чес, Нигерийн А.Аденкунла нарыг цэвэр ялж, гараагаа амжилттай эхэлж билээ. Нөгөө хэсэгт томчууд нь байсан. Гуравдугаар тойрогт Европын аварга, Румыны Ромика Рашованд, дараагийн даваанд тус наадмаас мөнгөн медаль хүртсэн БНСУ-ын Ким Жүн Шинд оноогоор ялагд­санаар наймдугаар байр эзэлсэн түүхтэй.

-Амьдралаа тэр чигт нь чөлөөт бөхийн спортод зориуллаа энэ спорт танд юу өгсөн юм бэ?


-Өнөөдөр би сайхан амьдарч байна. Энэ спортын л буян. Хүнтэй сайхан харьцах харьцааг сурлаа. Шавь на­раа дэлхийд үнэлэгдсэн тамир­чин болгох гарааг нь зааж сургалаа. Үүнээс өөр надад том шагнал гэж байхгүй.

-“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр гэхээр алдраа үнэлүүлж чадаагүй эрхэм дээ гэсэн бо­дол төрдөг. Магадгүй өдий олон жил гавьяат дас­галжуулагч гэсэн алдрыг хүр­тэх цаг боллоо?


-Надад биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол гурав байна. Хүнд ийм олноороо байдаггүй л юм гэсэн. /Инээв/ Би өнөөдөр зөвхөн цалин авахын төлөө ажиллаад, шагналын төлөө гүйгээд байж чадна. Надад тийм сэтгэл байхгүй нь сайхан юм.
Хүүхдүүдийнхээ төлөө яваад, бэлтгэл сургуу­лилтийг нь сайн хийлгээд тэд минь амжилт гаргавал үүнээс том шагнал гэж юу байх билээ.


Б.Төрбат



Эх сурвалж: