-Таны ажил тавлаг уу? Шигшээ багийхнаар сонин юутай вэ?

-Тавлаг байна даа. Манай тамирчид саяхан Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдсан гранпри тэмцээнд оролцоод ирлээ. Эмэгтэй 48 кг-ын жинд ОУХМ Отгонцэцэг, эрэгтэй 73 кг-д МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар нар хүрэл медаль хүртсэн. Мөн 57 кг-д ОУХМ Сумъяа, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр нар шагналт тавдугаар байранд шалгарлаа.

-Та УШБ-ийн ахлах дасгалжуулагч болоод багагүй хугацааг үдсэн байна. Энэ хугацаанд шавь нар тань олимп, тив дэлхий, улсын чанартай тэмцээнүүдэд ямархуу амжилт үзүүлээд байна вэ?

-Би 2011 оноос жудогийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 оны Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл медаль, 2013 оны ДАШТ-нээс анхны эмэгтэй дэлхийн аварга төрсөн төдийгүй, 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Шагналт 5-р байранд 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар, 73 кг-д МУГТ С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар шалгарсан. Үүнээс гадна шилдэг 16, Ази тивийн аварга, грандслам, грандпри тэмцээнүүдээс олон медаль авсан.

Шилдэг 16 тэмцээнд багаараа 2-р байр, Францын грандслам тэмцээнд багаараа 3-р байранд орлоо. Мөн азийн аваргаас дөрвөн алтан медаль аваад байна. Төрөөс М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарын маань амжилтыг үнэлж МУГТ цолоор шагнасан гээд олон л зүйлийг ярьж болохоор байна даа.

-Шигшээ баг бэлтгэлээ ямар горимоор хийцгээж байна вэ?

-Шигшээ баг маань өдөр болгон тогтмол бэлтгэлтэй байдаг. 1 -5 дахь өдөр хүртэл өдөрт 2 удаа, хагас сайн өдөр нэг, бэлтгэл хийгээд бүтэн сайнд нь амардаг. Ер нь бол 2011 оноос амралтгүй бэлтгэл хийгээд тэмцээнээс тэмцээнд оролцоод явж байна.

-Олон улсын жудо бөхийн холбооноос чансаа гаргадаг. Энэ чансаанд манай жудочид ямархуу үзүүлэлттэй явж байгаа вэ?

-Манай тамирчид нэлээн дээгүүр явж байгаа шүү. Дэлхийн жудогийн холбооноос жиндээ түрүүлсэн тамирчдад 10000 доллар олгодог. 2013 онд манайхаас 2 тамирчин жиндээ тэргүүлж шагналын эзэн болсон. Одоо бол МУГТ М.Уранцэцэг чансаагаараа 1-д, 60 кг-д манай гурван тамирчин шилдэг 16 дотор явж байна.

Ер бол дэлхийн чансааны эрэгтэй эхний 22-д, эмэгтэй нь 16 дотор байваас олимпод ордог. Одоогоор энэ болзлыг эрэгтэй +100, 90, эмэгтэй -78, +78 кг-аас бусад жинд хангаад явж байгаа.

-УШБ-т тамирчнаар орно гэдэг хэр баргийн аавын хүүд амаргүй биз?

-Тэгэлгүй яахав. Улсын шигшээ багт тамирчнаар орно гэдэг тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг. Улсын шигшээ багт орчихоод дамжаад цаад амжилтууд болох гранпри, грандслам зэрэг том тэмцээнүүдэд явах эрх олгогддог учраас УШБ-т орно гэдэг маш чухал.Тиймээс өндөр шалгууртай. Энд л орохын төлөө тамирчид гол мөрөөдлөө болгон хичээх хэрэгтэй.

-Та өөрөө УШБ-т тамирчнаар орж байсан үеэ одоо нэг дурсана уу?

-Би анх 1979 онд УШБ-ийн тамирчин болж байсан. 1979-1992 он хүртэл тамирчин байж байгаад 1993 оноос улсын шигшээ багийн дасгалжуулагч болсон.

-Өмнө нь олон улсын тэмцээнд чамгүй амжилт үзүүлж байсан болоод л шигшээд багтсан нь гарцаагүй?

-Тэр ч тийм шүү. Миний хувьд 1978 онд жудогийн анхны УАШТ болоход 18 настай аравдугаар ангийн хүүхэд ирж оролцоод хүрэл медаль авсан. Дараа нь 1979 онд залуучуудын ОУТ-нээс 84 кг болон, үнэмлэхүй жинд түрүүлээд улсын шигшээ багийн тамирчин болж байсан. Мөн 1979 оны самбын улсын аваргаас мөнгөн медаль авсан.,

-Та самбо, жудо бөхөөр дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль авсан байх аа?

-Самбын дэлхийн аваргаас гурван алтан медаль, дэлхийн цомоос гурван алтан медаль, жудо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, дэлхийн цомоос мөнгөн медаль, сүүлд жудо бөхийн ахмадын дэлхийн аварга болсон.

-Хэдэд барилддаг байв. Жингийн тань хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Самбоор 90 кг-д барилддаг байсан. Хүчтэй өрсөлдөгч нар гэвэл Болгар, Оросын бөхчүүд байсан. Монголоос гэх юм бол улсын начин З.Дэлгэрдалай агсан байсан. Жудогоор ихэвчлэн 84кг-д, сүүлд -95кг-д барилддаг болсон. 84кг-д улсын начин С.Эрхэмбаяр, -95кг-д улсын заан С.Хүрэлбаатар нар хүчтэй өрсөлдөгчид байлаа.

-Та бүхний ойрын зорилго юу вэ?

-7 сарын 4-6-ны өдрүүдэд Монголд болох гранпри тэмцээний бэлтгэлд өнөөдрөөс гарч байна. Энэ тэмцээний дараа 7 сарын 12,13 нд ОХУ-д болох грандслам тэмцээнд зарим тамирчид оролцох байх. Тэгээд л 8.24-нөөс 9.1-ний өдрүүдэд ОХУ-ын Чилвеск хотод болох ДАШТ-ний бэлтгалд гарна даа. Гол бэлтгэл тэнд л чиглэгдэж байна.

-Хоёулаа яриагаа үндэсний бөхийн талаар өрнүүлье. Таныг Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, тамирчины албыг хашиж явсны хувьд амьдралыг тань энэ байгууллагатай салшгүй холбоотой байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Би 1997 оноос 2011 хүртэл энэ байгууллагыг удирдаж явсан. Миний ажиллаж байх хугацаанд Алдар спорт хороо маань МБАТ-ний гурван спартакиадад оролцож гурвууланд нь багаараа түрүүлсэн. Ер нь Алдар бол МБАТС 13 удаа зохиогдоход 11-д нь түрүүлсэн байдаг. Энэ спорт хорооноос олон сайхан тамирчин төрөн гардаг.

Намайг байх хугацаанд О.Гүндэгмаа олимпоос мөнгөн медаль авч Монгол улсыи хөдөлмөрийн баатар боллоо. Мөн олон тамирчин гавьяат дасгалжуулагч.гавьяат тамирчин болсон доо.Үндэсний бөхөөр бол Г.Өсөхбаяр хоёр удаа, Б.Ганбат нэг удаа, П.Бүрэнтөгс нэг удаа түрүүллээ. Дээр нь заан, начин, арслан цолтой олон бөх төрөн гарсан.

-Та бөхийн удамтай юу? Яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?

-Манай аав аймгийн начин цолтой. Ээжийн талд дөрвөдийн бух ноолдонд барилддаг тийм хүмүүс байсан гэж ярьдаг. Аав өөрөө барилддаг болоод ч тэр үү бөхөд маш их хорхойтой хүн байлаа. Тэр үед намайг хүүхэд байхад радиогоор бөх сонсоод тэмдэглэл бичдэг байсан. Би хажууд нь суугаад л сонсдог байсан. Тэгж бөхөд их сонирхолтой болсон.

-Хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-Дөрөвдүгээр ангиасаа эхлэн барилдсан. Одоо талийгаач улсын заан С.Сүхбаатар бид хоёр чинь ах дүүсийн хүүхдүүд. Сүхбаатар надаас нэг ах. Сумын наадмын хүүхдийн барилдаан зохион байгуулна, сүүлд тэндээсээ аймагт очоод идэрчүүд, залуучуудын барилдаанд барилдацгааж бөх болох гapaaraa эхэлж байлаа.

-Та ахлах ангийн сурагч байхдаа аймгийн начин, заан цолыг дараалан авсан байдаг. Их залуудаа цол авч дээ?

-Есдүгээр ангиа аймгийн начин, 10-р ангиа аймгийн заан цолтой төгсөж байсан. Нэлээн эрт л тодорч гарч ирсэн юм болов уу гэж бодоод байгаа (инээв). 17,18 тай хүүхэд аймгийн начин, аймгийн заан цолыг тийм амар ч аваад байхгүй шүү дээ. Ялангуяа Увс аймагт бол цол авна гэдэг хүнд, хүнд.

-Аймгийн заан цолтойгоо улсын наадамд анх барилдсан уу?

-Тийм ээ. Аймгийн заан цолтой хүүхэд 1980 оны улсын наадамд анх удаагаа барилдаж хоёр давтал гурвын даваанд миний нэр байдаггүй хасагдчихсан байсан. Наадмын комиссын тогтоол гараад гарын даа нар будилуулаад даваагүй цэргийг Б.Батхуяг начин амлаж барилдсан юм билээ.

Би сүүлд гарах юм байх тунаж байгаа юм байна гэж бодоод суугаад байхгүй юу. Хоёр давсан гээд тамга дардаг үнэмлэх байсан, тэрнийгээ аваачаад үзүүлсэн чинь миний нэр байдаггүй. Уг нь би давсан байдаг. Тэгж анх улсын наадмаас хасагдсан.

Тэгээд тэрнээс хойш аймгийн заан цолтойгоо заал танхимын барилдаанд барилдаж дөрөвт, үзүүрт, заримдаа түрүүлчихдэг ч болсон. Улсын наадамд начингаас шууд зааны тааварт орж тэрнээсээ болоод ч юм уу, хоёр жил доогуур даваанд унасан даа.

-1984 онд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин цолны босгоор алхсан байх аа? Төрийн есөн хөлт цагаан тугаа тавантаа тойроод явж байхад юу бодогдож байв?

-Тэгсэн. Улсын цолтны их гэр бүлд багтлаа гээд мундаг сэтгэгдэл төрж байсан шүү, их л баярлаж байсан.

-Та 1989 онд тойргийн барилдаанаас улсын заан цол авсан билүү?

-Нэгдүгээр сарын үед улсын аварга, спартакиад болж 32 бөх тойргоор барилдахад Бат-Эрдэнэ аварга түрүүлж, би хоёрт, гуравт Ц.Баярсайхан заан орж би заан цол, Баярсайхан улсын начин цол авсан юм шүү дээ.

-Энэ ондоо арслан цол аваад хураалгасан гэсэн. Яагаад хураасан юм бэ?

-Тэр жилийн улсын наадамд Бат-Эрдэнэ арслан цолтой түрүүлж, би заан цолтой үлдээд үзүүрлэсэн. Улсын наадамд арслан түрүүлж, заан үзүүрлэсэн тохиолдолд түрүүлсэнд нь аварга, үзүүрлэсэнд нь арслан цол өгдөг байсан. Жишээ нь: У.Мижиддорж арслан тэгж арслан болж байсан шүү дээ. Харин 1989 оноос хойш тэрийг болиулсан.

Тэр жил Бат-Эрдэнэ түрүүлж аварга болоод, би арслан цол авсан. Надад үнэмлэх гардуулж өгсөн. Стадион дотор хувцасаа солиод сууж байтал тухайн үеийн БТСХ-ны хэлтсийн дарга байсан Мөнхсайхан гэж хүн ирээд үнэмлэхийг чинь аваад ир гэж байна. Маргааш хурал хийж өгөх юм шиг байна гээд аваад явчихсан. Маргааш нь хурал хийсэн юм байлгүй, үнэмлэхийг буцаасан.

-Та сумо бөхөөр анхлан барилдан бөхчүүдийн нэг байх аа?

-Анх Японд жудогийн азийн аварга шалгаруулах тэмцээнээр очиж барилдсан. Дараа нь сумогийн том дэвжээ биднийг аваачиж сумогийн бэлтгэл хийлгэсэн юм. Дэлхийн аварга, азийн аваргад Бат-Эрдэнэ, Баярсайхан бид гуравт урилга ирээд очиж барилддаг байсан.Би нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч байсан

-Та 1991 онд түрүүлсэн. Энэ наадмаа одоо нэг дурсахгүй юу?

-Түүхт ойд түрүүллээ гээд баяртай байсан. Энэ наадмын тавын даваанд улсын начин Д.Нэгдэлийг, зургаагийн даваанд шинээр начин цол авсан Ховдын Ш.Лхагвасүрэнг, долоод Д.Хишигдоржтой тунаад, наймын даваанд Х.Баянмөнх аваргыг, есийн даваанд П.Сүхбатыг давж түүхт ойгоороо түрүүлж, өмнө нь аваад байсан арслан цолоо авсан даа.

-Хэр олон бөхийг цолонд дөрөөлүүлсэн бэ?

-Надаар олон бөх начин, заан болсон доо. Б.Ганбат, И.Доржсамбуу нарыг заан болгож байлаа. Начин гэх юм бол 2002 онд сумынхаа Ю.Батаа гээд залууг, 2003 онд Дорнодын Ж.Гансүхийг, 2004 онд Өмнөговийн Т.Энхтуяаг начин болгож байсан. Аварга хүний хувьд бөхгүй газраас бөх төрүүлнэ гэж нэлээд зүтгэдэг байлаа. Олон жил улсын цолтон тасарсан байсныг нь нутгийн бөхчүүдээс нь авч цолд дөрөөлүүлсэн тохиол бий шүү.

-1994 онд үзүүрлэж, аварга болсон наадмынхаа тухайд.,.?

-Тэр жил нэг түүхт ой болж байсан санагдана. 1024 барилдуулахгүй гээд 768 бөх барилдуулж нэг хийтэй болгоод 3 хүн үлдээд Бат-Эрдэнэ хийлж, Цэрэнпунцаг бид хоёр есийн даваанд барилдаад би давсан. Үзүүр түрүүнд Бат-Эрдэнэд унаж аварга цол хүртсэн.

-Та улсын наадамд Бат-Эрдэнэ аваргатай найман удаа барилдаж, наймууланд нь унасан байдаг юм билээ?

-Нэг шигшээ багт хамт бэлтгэл хийдэг байсан болохоор нэгнийхээ барилдааныг сайн мэддэг байсан. Бат-Эрдэнэ надаас арай илүү рамтай. Бид нэлээн удаан барилдаад би ч сүүлдээ ядраад л унадаг байсан.

-Бат-Эрдэнэ аваргад зориулж мэх бэлдээд давчихъя гэсэн бодол байв уу?

-Бат-Эрдэнэ аваргын нэг онцлог бол хий гаргадаггүй нягт барилдаантай бөх л дөө. Хамаг юмаа тултал нь дуусгаж байж л хүнийг хаядаг, огцом мэх хийгээд хий гаргана гэсэн юм байдаггүй байсан. Дээр нь нэг талтай барилдахад тал таардаг байсан учир амар байсан байх.

-Таньд харамсаж явдаг барилдаан бий юу?

-1988 оны Сөүлийн олимп байна. Би тэр жилийн европын бүх цувралаас алт, мөнгө, хүрэл медаль авчихсан байсан. Австрийн Зайцн Байхрт л ялагдаад бусдыг нь ялдаг байсан үе л дээ. Олимпод очоод сугалаа сугалтал Зайцн нөгөө зоонд орж миний зоонд гайгүй хүмүүс орсон.

Барилдааны өмнө шөнөжин л нөгөө Зайцн Байхртайгаа алт, мөнгөн медаль дээр гараад ирсэн байна гэж зүүдэлж байгаа юм чинь. Барилдаан ч эхэллээ. 2 юмуу 3-р тойрогт Голландын бөх Спейрстэй таарлаа. Би коко үнэлгээ авчихаад дарж дахин коко авлаа.

Нөгөө бөх нэг торгуулсан, би илүү явж байсан мөртлөө илүү хожно гэж яваад дэвжээний захад түлхээд гаргах гэтэл гар авч эргээд намайг хажуугаараа унатал шүүгч Спейрст цэвэр ялалт өгсөн. Тэр үед мөнгөн медалийн төлөө дагасан хүнээ ахиж дагадаг байсан. Миний дараагийн барилдаанд Австрийн бөх Оросын бөхөд коко үнэлгээгээр хожигдсон.

Тэр нь мөнгө дээр гарч ирээд нөгөөх нь хүрлийн төлөө барилдсан. Би хасагдаад медалгүй хоцорч байсан, сугалаа ч сайхан таарсан байсан үедээ хүнийг илүү хожих гэж яваад хожигдсон. Олимпод гарцаагүй мөнгөн медаль дээр гарах боломжоо ингэж алдсан даа харамсдаг.

-Танай гэр бүлийн хүнийг хэн гэдэг вэ. Хаана юу хийдэг байв?

-Манай гэр бүлийн хүнийг Ц.Мягмар гэдэг. Увс аймгийн Тэс сумын харъяат. Цэцэрлэгийн багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид таван хүүхэдтэй. Гурван банди, хоёр охинтой.

-Хүү нар тань барилддаг уу?

-Барилдсан юм одоохондоо алга. Бага нь секц дугуйланд яваад л байж байна.

-Шавь нар тань амжилт гаргахад өөрөө барилдсан юм шиг сэтгэгдэл төрдөг үү?

-Өө тэгэлгүй яахав. Өөрөө барилдаад авсан медалиас илүү шавь нар медаль авахад илүү их баярладаг болсон.

-Таныг усны аж ахуйч мэргэжилтэй гэж сонссон. Хэрвээ барилдаагүй бол мэргэжлээрээ ажиллах байсан уу?

-Би усны инженерт сурч байсан. Барилдаад хүн дийлэхгүй байсан бол мэргэжлээрээ ажиллах байсан гэж боддог.

-Удахгүй наадам боллоо. Та улсынхаа наадамд барилдана биздээ?

-Гарч сэтгэлээ сэргээдэг юм билүү гэж бодоод л байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: “Бөх” сонин