sonin.mn

Бөхийн чөлөөт барилдааны "Ташкент 2014" ДАШТ-ий гурав дахь өдөр манай эмэгтэй дөрвөн бөх дэвжээнд гарснаас 60 кг-д хүч сорьсон "Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт 19 настай ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолны эзэн болж Монгол түмнээ баярлууллаа.

ДАШТ-д анх удаагаа оролцсон С.Цэрэнчимэд охин эрч хүчтэй барилдаанаараа ОХУ-ын Наталья Гольцт, Японы Кацүки Сакагаки, Финландын Олли Петра Маарит нарыг дараалан ялж алтан медалийн төлөө Азербайжаны бөх олимп, дэлхийн мөнгөн медальтныг сөхрүүлэн Дэлхийн аварга цол хүртсэн юм.

Дэлхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын аварга, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд нь 1995 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж 2013 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дугаар бүрэн дунд сургууль төгссөн. Япон улсын Окиямагийн их сургуульд суралцаж байсан. 2007 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

Тэрбээр үндэсний шигшээ багт 2013 онд тамирчнаар орсон. 2011 онд спортын мастер, 2013 онд ОУХМ цол хүртсэн. Хүүхдийн спортын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл, хошой алт, залуучуудын улсын хошой алт, Бүх ард түмний спортын наадмаас мөнгө, УАШТ-ээс мөнгө, хошой алтан медаль хүртээд байгаа юм.

2010 онд Тайландад болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс хотод хүрэл медаль, Залуучуудын ДАШТ-ээс 2013 онд Болгар улсын Софи хотод алт, өсвөрийн Унгарын Зомбаттелли хотноо болсон ДАШТ-ээс 2011 онд хүрэл, 2011 онд Ташкент, 2014 онд Астанад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл, 2014 онд Улаанбаатарын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2013 онд “Mongolia оpen” ОУТ-ээс алт, 2012 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон анхдугаар Хари Рамын “Гранд при”-гээс хүрэл, 2014 онд ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гээс мөнгө, Польшийн “Poland оpen” ОУТ-ээс алтан медаль хүртжээ.

Харин энэ удаа Ташкент хотноо 2014 оны ДАШТ-д хэрхэн  барилдсаныг та бүхэнд толилуулж байна. Тэрбээр нэгдүгээр тойрогт ОХУ-ын бөх, ДАШТ-ий 4 хүрэл, мөнгөн медальт, Европын 5 удаагийн аварга Наталья Гольцтой таарч 4:0, 3:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Японы бөх Казуки Сакамийг цэвэр хожсон юм.

Улмаар мөнгөн медалийн төлөө Финландын бөх Маарит Нейра Оллитой өрсөлдөж цэвэр ялсан. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө Азербайжаны бөх, олимпийн наадмын мөнгө болон ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Юлия Раткевичтай барилдаж 2:3, 11:0 онооны харьцаагаар ялж аваргын тавцанд гарч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг