sonin.mn

-Чөлөөтийн баг тамирчид түүхэн амжилт гаргалаа-

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон 2014 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртэн эх орондоо өнгөрсөн баасан гаригийн орой ирлээ.

Энэхүү дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөр мандуулсан баг тамирчдыг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Спорт бэлтгэлийн төвийн дэд дарга Ц.Одонбаяр, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр болон ар гэрийнхэн, найз нөхөд нь угтсан авсан юм.

Тамирчдыг угтаж авах үеэр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Д Сумъяабазар "Манай баг тамирчид хамгийн сүүлд 1985 оны ДАШТ-ээс гурван медальтай ирж байсан. Энэ жил дахин хос медаль авчирсанаар дэлхийн хэмжээний орон гэдгээ харууллаа. Уг үйл явдал бол бид бүхний хоорондоо эвсэг, гаp нийлэмжтэй ажилласны үр дүн юм" гэлээ.

Дашрамд сонирхуулахад манай чөлөөт бөхийн тамирчид дэлхийн 106 орноос амжилтаараа зургадугаар байрт орж, ойрын хэдэн ил гаргаагүй амжилтаа үзүүлсэн. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх амжилт бөгөөд өмнө нь 1974,1975 нд манай баг тамирчид дөрөвдүгээр байрт орж байжээ.

Ийнхүү саяхан болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авсан Г.Мандахнаран, Э.Ням-Очир болон шинэ дэлхийн варга С.Цэрэнчимэдийн багш Ц.Хосбаяр нартай цөөн хором ярилцлаа.

Г.Мандахнаран: Дэлхийн аварга болохын төлөө бүхий хүч чадлаараа зорьж ажиллах болно

-Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Ямарч байсан маш их баяртай байна. Гавьяат цолыг тээж яваа хүний хувьд, зорьсон тэмцээндээ очоод гаргасан амжилтаа бататгаж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд ирсэндээ сэтгэл өндөр байна. Намайг дэмжиж тусалж байсан багш дасгалжуулагч, анд нөхөр, ард түмэндээ бүгдэд нь баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү.

-Та энэ амжилтандаа хэр сэтгэл хангалуун байна?
-Мэдээж хангалуун байна. Олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзлээ. Гэхдээ мэдээж сэтгэл ханах болоогүй. Цаашид илүү их амжилт гаргахын төлөө барилдана.

-Хүрэл медалийн төлөө Белорусын бөхөд 7:0 - н харьцаатай хожигдож байгаад ялсан барилдаан чинь үнэхээр гайхалтай байлаа. Та тэр үед ялна гэж бодож байв уу?
-Ялна л гэж бодсон. Нэгэнт л дэвжээн дээр гарчихсан болохоор хожихын төлөө бүхий л чадлаараа барилдаад дуусгая гэж бодсон. Гол нь бэлтгэлжилтийн түвшин өндөр байсныхаа ачаар ялж чадлаа.

Манай тамирчдын бэлтгэл дэлхийн түвшинд байна гэж хэлж болохоор барилдаан боллоо. Өрсөлдөгчөө 7:0-ээс барьж, муутгаж хожсон барилдаан минь миний илүү байгааг харууллаа. Дэлхийн аваргад ирсэн тамирчин бүхэн л шилдгүүд нь байдаг шүү дээ. Ингэж ялна гэж зүүдлээч үгүй байлаа. Эцсээ хүртэл тэмцэж байж л ялсан даа.

Э.Ням-Очир: Болгарын бөхтэй хийсэн барилдаан хамгийн хүнд байлаа
-Та энэ удаагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Амжилтандаа хэр сэтгэл хангалуун байна. Ер нь Ташкентаас ямар медаль авах зорилго өвөрлөж байв?
-Амжилтандаа мэдээж сэтгэл хангалуун байна. Дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэг амаргүй байдаг. Олон жил хүлээсэн медалиа авсандаа баяртай байгаа. Би энэ тэмцээнээс ямар нэг медаль хүртэнэ л гэж бодож орсон. Болж өгвөл алт, мөнгөн медаль хүртчих юмсан гэсэн бодол байсан. Саяны барилдаанд гэхэд финалд үлдчих боломж байсан.

-Ираны бөхөд ялагдсан барилдаан дээрээ ямар дүгнэлт хийв. Цаашдын тань зорилт юу вэ?
-Тэр барилдаан дээр бол тактикийн алдаа гаргаад хожигдчихлоо. Цаашдын минь зорилт бол мэдээж хэрэг дэлхийн аварга болохын төлөө зүтгэнэ.

-Ялсан барилдаануудаас чинь аль нь хамгийн хүнд байв?
-Болгарын бөх Дубовтой хийсэн барилдаан маш хүнд байлаа.

-Манай бөхчүүдийн гадаадын бөхчүүдээс ялгарах онцлог нь юу вэ?
-Хөл гарын ажиллагаа жигд сайн байдаг. Бас үндэсний бөхийнхөө шинж чанарыг ямар нэг хэмжээгээр агуулж байдаг.

-Таны багш хэн бэ. Хүрэл медалийн төлөө барилдахаар гарахын өмнө багш тань юу гэж зөвлөж байв?
-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа багш маань анхаарлаа маш сайн төвлөрүүлж барилдана шүү гэж захисан. Б.Баяраа багштайгаа цуг ажиллаж байна даа.

-Таны барилдааны давуу тал юу вэ. Та ер нь амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Би урт мөчтэй тэрийгээ сайн ашиглаж барилддаг. Амьдралдаа бол үргэлж шударга байхыг хичээдэг дээ.

-Та долоо хоногт ойролцоогоор хэдэн цагийн бэлтгэл хийж байна?
-Манай тамирчид өдөрт 4-5 цагийн бэлтгэл хийдэг гээд бодохоор долоо хоногт 30 гаруй цагийн бэлтгэл хийдэг гэх үү дээ.

-Аль нутгийнх вэ?
-Ховд аймгийнх.

Ц.Хосбаяр: Манай чөлөөтийн эрэгтэй бөхчүүдээс дэлхийн аварга төрнө гэдэгт итгэлтэй байгаа

-Энэ дэлхийн аваргад манай тамирчид хэр бэлтгэлтэй орсон бэ?
-Бэлтгэл бүгдээрээ сайн хангагдсан. Гадны нүдээр харахад л илт мэдрэгдэж байсан.

-Таны шавь МУГТ Г.Мандахнаран хүндхэн барилдаануудхийж хүрэл медаль авсан. Медаль авах үед нь таньд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Сэтгэгдэл өндөр байсан. Би өөрийнхөө бодлыг хэлэхэд н.Жафаръяныг хожихоор нь би бараг түрүүлчихлээ гэж бодсон. Белорусын бөхтэй хүнд барилдаан хийсэн. Долоон онооны зөрүүг нөхөж хожоод хүрэл авч, гайхамшгийг үзүүлсэн дээ.

Багш хүний хувьд үнэхээр их бахархаж баярлаж байгаа. Мандахнарангийн барилдааныг манай гавьяат О.Пүрэвбаатар, олимпийн хорооны Ж.Тоса ах бид хэд бөөндөө сууж үзсэн. 7:0 болоход нь бид нар хэлэх үг олдохгүй сууж байлаа. Тэгэж байтал дарааллаад хоёр оноог нэг нэгээр нь аваад эхлэнгүүт нь бидэнд итгэл төрсөн дөө.

Миний хүү явж барилдана шүү гээд л дэмжээд эхэлсэн. О.Пүрэвбаатар гавьяат "Наадахыг чинь хожих юм байна аа" гэж шууд хэлсэн нь онож билээ.

-Г.Мандахнаран таньд хэзээнээс шавиар орсон бэ?
-17 настай байхад нь Төв аймгийн н.Зоригтбаатар гэж багш нь дагуулж ирээд энэ залууг сайн бөх болгоод өгөөч гэж хэлээд надад шавиар оруулж байсан. Тэр цагаас хойш надтай хамт арав гаруй жил бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Таны эмэгтэй шавь С.Цэрэнчимэд дэлхийн аварга болсон. Ер С.Цэрэнчимэд амжилтанд хүрнэ гэж багш хүний хувьд хэр мэдэж байв?
-Мэдэж байсан. 15 настайдаа идэрчүүдээс медаль авч байсан. 17 насандаа идэрчүүдийн аваргад түрүүлж байсан шүү дээ. Сая бас л түрүүлэх зорилготой очсон.

Тиймээс энэ бол нэг их гайхаад байх зүйл биш. С.Цэрэнчимэд анх над дээр 2005 онд ирж байлаа түүнээс хойш, өдий болтол хамт бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Та нарын хувьд дэлхийн бөхчүүдийг хэр судлав. Манайхныг бас тэд судалж байгаа байх?
-Судлалгүй яахав. Одоо бол аль ч орны чөлөөт бөх судалгаагүйгээр явахаа байсан шүү дээ. Дурын хүн гар утсан дээрээ барилдаан бичээд авчихаж байна. Түүнийг үзэж, түүн дээр ажиллаж байна.

-Хүрэл медаль авсан хоёр тамирчин маань сая дэлхийн аварга болох зорилготой явсан байх. Манай бөхчүүдэд аварга болох боломж хэр байна?
-Одоо бол ямарч асуудал байхгүй. 120 кг-аас бусад нь аварга болох бололцооны жингүүдэд бэлтгэл хангагдаж эхлээдбайгаа. Манайхан дэлхий аварга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Би үүний төлөө л ажиллаж байна даа.

А.Батнасан

Эх сурвалж: