sonin.mn

Монголын хөл бөмбөгийн холбоо ээлжит их хурлаа 11 дүгээр сарын эхээр хийхээр болж, их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулжээ. Их хурлаараа МХБХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийг шинээр сонгоно.

МХБХ-г анх 1959 онд байгуулсан бол 1997 онд шинэчлэн шинэ багаар ажиллах болжээ. 1998 онд Азийн хөл бөмбөгийн холбоо, Дэлхийн хөл бөмбөгийн холбоонд тус тус элссэн байна. Одоогийн МХБХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Ганболд, Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга асан, НИХ-ын төлөөлөгч Г.Мөнхбаяр нарын 10 хүн ажиллаж байна.

МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганбат "Юуны өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдох санал, хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийг бүртгэж байна. Одоогоор 4 хүн нэрээ дэвшүүлсэн. Эднээс олон оноо авсан 2 хүн тунаж үлдээд эцсийн санал хураалтад орно" гэж ярилаа.

Одоогоор нэр дэвшээд байгаа  хүмүүсийг сонирхвол, ХХБ-ны захирал Д.Мэдрээ, НИТХ-ын төлөөлөгч, үүргэвчтэй аялагч Н.Ганхүү, спортын сэтгүүлч, тайлбарлагч Э.Амарсайхан, "Хоромхон" багаас нэр дэвшүүлсэн С.Лхагвасүрэн  нарыг нэрлэлээ. Олон улсын нөлөө ихтэй, санхүүгийн үүсвэр сайтай МХБХ-ны Ерөнхийлөгчийг Их хурлын төлөөгчдийн олонхийн саналаар сонгох юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг