sonin.mn

“Эх орны манаа" сонины дугаарын зочны хойморт нэгэн монгол бүсгүй уригдлаа. Монгол хэмээн онцолсны учрыг та дараах ярилцлагаас минь ойлгох болно оо. Түүнийг Чулуунбадрахын Нарантуяа хэмээх бөгөөд Монгол Улсын Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер гэх тодотголтой.

Мөн тэрбээр нэгэн цагт Монгол Улсын дархан хил хязгаарын амар амгалангийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан эх оронч хилчин аавын охин билээ. Ингээд эрхэм уншигч та бүхнийг бидний залуу нас, амжилт бүтээл, аав ээжийн тухай болоод энгийн сайхан бүхний тухай хуучилсан ярианд түр саатахыг урья.

ЖИЧ: Дугаар шилжих мөчид манай зочин БНСУ-ын Инчон хотноо зохиогдож буй Азийн XVII дахь наадмаас алтан медаль авсан баяртай мэдээ авсан юм.

-Монгол Улсын торгон хил дээр үүрэг гүйцэтгэж буй мянга мянган хилчдийнхээ өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлага хийх хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Би өмнө нь Хил хамгаапах ерөнхий газрын дэргэдүүр өнгөрөхдөө энэ байшин дотор орж, хүмүүстэй нь танилцаж, ярилцаж үзэхсэн гэж яагаад ч юм хүсч байлаа. Өнөөдөр тэр хүсэл минь биелэлээ олж танайд зочилж, хилчдийн сонинд ярилцлага өгч буйдаа маш ихбаяртай байна.

Би хилчин хүний охин. Аав минь бага байхаас эхлээд хил, хилчний амьдралын талаар үлгэр шиг сайхан зүйл олныг ярьж өгсөөр байгаад энэ амьдрал болоод хилчдэд биднийг их дасал болгочихсон тал бий. Намайг Чулуунбадрахын Нарантуяа гэдэг. 1985 онд Улаанбаатар хотод төрсөн.

Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийг дүүргэж байлаа. Одоо Үндэсний шигшээ багийн буудлагын тамирчнаар ажилладаг. Мөн “Алдар” спорт хороонд харъяалагддаг. Зэвсэгт хүчний 330 дугаар ангид данстай. Одоогоор цэргийн цолгүй энгийн байгаа.

-Таныг хилчний охин гэж дуулаад бидний яриа бүр илүү нийлэх юм шиг санагдсан. Тэгэхээр яриа маань ч энэ чиглэлээр эхэлсэн нь зүйтэй болов уу?

-Багадаа их цөөхөн удаа аавынхаа ажиллаж, амьдарч байсан хилийн заставт очиж байсан. Гэхдээ тэр дурсамж надад ерөөсөө багаддаггүй. Хэдийгээр бага балчир байсан ч гэлээ надад их тод сайхан дурсамжууд үлдсэн.

Магадгүй хүн бүхэн мэддэггүй онцгой сайхан уур амьсгал, орчин, энэ цагийн баатар гэмээр хүмүүсийн хоорондын өвөрмөц харилцаа надад гайхалтай сэтгэгдэл үлдээсэн биз ээ. Миний аав Хилийн 0131 дүгээр ангийн заставын даргаар ажиллаж байсан юм. 1994, 1995 оны үе байх.

Гэр бүлээсээ хол аав минь ганцаараа заставт ажиллаж, амьдарна. Ээж Өмнөговийн төв дээр ажилтай. Тэгээд үе үе дүү бид хоёрыг дагуулж аавыг эргэхээр очдог байсан юм. Анх надад хүний хөлөөс хол, зэлүүд буйд газар их уйтгартай мэт санагддаг байв. Яваандаа заставт очих дуртай болсон.

Цэрэг ах нарын алхаж гишгэх нь, үг үйлдэл бүр нь яг л баатар хүн ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Тэгээд аавынхаа ажлаар улам бахархана. Ер нь хилийн заставын амьдралыг мэдэхгүй тэр бүр очиж байгаагүй хүнд тэндэхийн юм бүхэн сонин гайхалтай санагддаг юм билээ.

Намайг анх очиход “Сонор” нэртэй хилчин нохой заставт байсан юм. Тэр нохой иххөөрхөн, маш сэргэлэн. Тусгай сургуультай учраас их ухаантай. Цэрэг ах нарын өгсөн даалгаврыг хүнээс дутахгүй биелүүлнэ. Хил зөрчигч барьж илрүүлэх ажиллагаандаа их сайн гэж хилчдийн ярилцахыг сонсоод “Сонор”-ыг ямар мундаг юм бэ гэж бодож байсан шүү. Нээрэн заставын хоол их амттай байдаг юм билээ.

Цай нь бараг хоол шиг санагдсан. Амттай, тэжээлтэй сайхан хоол, цайтай бүсгүйчүүд хилд олон бий. Хүн бүхэн хот руу тэмүүлж байхад хүний хөлөөс хол зайдуу хил хязгаар нутгийг зорино гэдэг бүсгүй хүний гэр бүлийнхээ төлөө хийж буй маш зоригтой алхам.

Хэр баргийн эмэгтэй хүнээс тийм зориг гарахгүй. Тиймээс би хил дээр ажиллаж, амьдарч, хилийнхээ эмзэг зурвас дээр цайныхаа дээжийг өргөн амьдарч буй бүсгүйчүүдээ их хүндэлж, хайрладаг.

Аавтай минь хамт ажиллаж байсан офицер, ахлагч нарын олон сайхан мундаг гэргий нар байсан. Тэд нарыг хараад өөрийн эрхгүй бахархаж хүндэлмээр, бүсгүй хүний хувьд үйл хөдлөл бүрийг нь даган дуураймаар санагддаг юм билээ.

-Таны нүдээр хилчид гэж хэн бэ. Тэдний хийж буй ажлыг хэрхэн харж ойлгож байдаг юм бол?

-Аавынхаа ажлаар маш их бахархдаг. Дээхнэ үеийн хилчдийн хувцас хэрэглэл их сайн чанартай, өнгө үээмж ч гоё байсан санагддаг. Одоо ямар болсныг хараахан сайн мэдэхгүй. Гэхдээ муудаагүй байх аа. Аав минь биеэ их гоё цэвэрхэн авч явж, хүнтэй сайхан харьцдаг.

Цэргийн хэргийн эрдэмдээ ч сайн. Энэ нь надад миний аав хамгийн мундаг нь гэх бодлыг төрүүлдэг байлаа. Тиймээс би бүх хилчнийг ааваараа төлөөлүүлж ойлгодог. Энэ цаг үе, нийгэмд эх орныхоо тусгаар тогтнолын төгс илэрхийлэл нь болж эх орныхоо дархан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчин бүхэн Монголын ард түмний тэргүүн эгнээнд алхдаг, хүндлэл бахархлын хамгийн тод жишээ нь байдаг.

Ингээд яриад сууж байхад хүүхэд насны нэг явдал санаанд орж ирлээ. Заставт байж байтал нэг өдөр гэнэтхэн л бужигнаад явчихлаа. Юу болоод байгааг сайн ойлгодоггүй. Тэгэхээр нь заставын бүх хүүхдийг дагуулаад хашаан дотор байсан ЗИЛ-130 машины чиргүүл дээр гараад суучихсан.

Гэтэл заставынхан зүгээр нэг удаагийн ээлжит бэлтгэл сургуулиа л хийж байсан юм билээ. Түүнийг нь би бараг гэнэт дайн эхэлчихэж байгаа юм шиг санаж билээ. Хилчдийн царай нь маш үнэмшилтэй, нохой нь хүртэл мөлхөж яваад л. Яг л нэг байдал эвгүйдсэн юм шиг болцгоосон байсан. Хожим нь намайг гэрийнхэн маань тэгж сандарсныг мэдээд их шоолцгоож билээ.

-Буудлагын тамирчин болсон түүхээр тань яриагаа үргэлжлүүлье. Спортын энэ төрөл бүсгүйчүүдэд хэр хүнд байдаг бол?

-Аав намайг энэ спорт гэж их айл руу анх хөтөлж оруулсан. 15 настай байхад буудлагын спортоор хичээллэх саналыг аав надад тавьсан юм. Би өөрөө ч маш дуртай байсан. Тэгээд Өмнөговь аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн буудлагын спортын дасгалжуулагч, спортын хошой Мастер Д.Доржпалам багш дээр хөтөлж аваачсан.

Д.Доржпалам багшийг маань хүмүүс ард түмний гавъяат хэмээж маш их хүндэлдэг. Ингээд энэ мундаг багшийнхаа гараас хөтөлж буудлагын спортын төрөлд хөл тавьж байлаа. Анх багш маань надад буудлага заахаасаа өмнө биеийн суурь хөгжил олгох тэшүүр, цана, ууланд авирах зэрэг хичээлийг маш сайн заасан.

Буудлагын тамирчинд байх зайлшгүй чухал шаардлага нь биеийн суурь хөгжил юм. Хамгийн анхны багшдаа маш их талархаж явдаг. Харин өнөөдөр Үндэсний шигшээ багийн дасгалжлуулагч, Олон Улсын хэмжээний мастер Адилбиш багшийнхаа зааж зөвлөснөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Арав гаруй жил энэ спортоор хичээллэлээ. Буудпагын спортдоо их хайртай.

-Анх ямар буугаар буудаж байв. Магадгүй эмэгтэй хүний хувьд шууд буу шийдмээр хичээллээд эхлэх амаргүй байсан байх даа?

-Хамгийн анх гар буугаар шалгуулаад тэнцээгүй юм /инээв.сур/ Харин урт бууны төрөлд тэнцсэн. Одоо хүртэл энэ төрлөөрөө хичээллэдэг. Аав өөрөө их сайн бууддаг л даа. Цэргийнхэн үргэлж хичээл сургууль хийдэг учраас ч тэр юм уу аав минь их мэргэн.

Аав уг нь баруун гараараа бичиж, аливааг хийдэг хэрнээ болохоороо солгой болчихдог. Солгой гараараа буудна. Харин би баруун гараараа бууддаг. Буудлагын спорт бүсгүйчүүдэд хүнд үү гэвэл тийм. Бэрх. Эвгүй нэг амьсгаа, түрхэн зуурын өөр бодол, сэтгэл хөдлөлөөс тухайн амжилт шалтгаалдаг.

Тиймдээ ч буудлагын төрлийг сэтгэлзүйн спорт гэх нь бий. Яг үнэндээ манайхан буудлагын слортыг бусад төрөл шиг тэр бүр сайн мэддэггүй. Буудлага бол үнэхээр гоё спорт. Хүнд маш их зүйлийг өгдөг.

Энэ спортоор хичээллэдэг хүмүүс маш тайван, амгалан, төлөв даруу, аливаад их хүлээцтэй болдог. Буудпагын төрөл тамирчнаа өөрөө тийм байхыг шаарддаг ч гэж бопно.

-Таньтай ярилцаж суухад ч анзаарагдаж байна шүү. Та их дөлгөөхөн хүн юм аа?

-Ерөнхий миний суурь хүмүүжил ч тэр сахилгагүй, дүрсгүй хүүхэд байгаагүй л дээ. Үүнийг ч аав минь анзаарч энэ төрлөөр хичээллэж чадна гэж бодоод намайг энэ спорт руу хөтөлсөн болов уу. Угаасаа буудлагын спортынхон сэтгэл хөдлөл маш багатай, тайван хүмүүс байдаг.

Хөлбөмбөгийн галзуу фанатуудаас гардаг авир хэзээ ч буудлагынхнаас гарахгүй л дээ. Спортын төрөл нь өөрөө даруу байхыг шаарддаг болохоор арга ч үгүй биз.

Ямар нэгэн амжипт гаргалаа, яллаа гээд орилж хашгираад яваа буудлагын тамирчин би хараагүй. Бас муу буудчихлаа гээд уйлж унжаад байгаатай нь ч таараагүй. Тэгэхээр сэтгэлзүйн хувьд асар өндөр хэмжээнд бэлтгэгдэх шаардлагатай болдог юм билээ.

-Урт бууны төрөлд үзүүлсэн амжилтуудаасаа танилцуулаач?

-Ямар ч тамирчин хүний амжилт аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхэлдэг. Минийхувьд улсын аваргын 60 гаруй медальтай. Хамгийн сүүлд энэ оны долдугаар сард Бээжин хотод зохион байгуулсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод шилдэг найман тамирчны нэгээр шалгаран зургадугаар байранд ороод ирлээ.

Буудлагын эмэгтэйчүүдийн 3x20 төрөлд одоохондоо Монголын хамгийн өндөр амжилтыг тогтоогоод байгаа. Олон улсын тэмцээн гэвэл оюутны универсиалаас хувийн болон багийн мөнгөн медаль хүртсэн.

Азийн аваргын хоёр хүрэл, гранпри тэмцээний хоёр алт, нэг хүрэл медальтай. Манайхан буудлагын спортыг зөвхөн гар буугаар л төсөөлдөг. Гэтэл урт бууны төрлийнхөн ч чамлахааргүй амжилтыг үзүүлж яваа.

-Хөдөө орон нутгийн хүүхдүүд бидэнд аймгийн аварга шалгаруулах аливаа тэмцээн дэлхийн дэвжээ шиг том санагддаг байлаа шүү дээ. Таны анхны тэмцээн юу байв. Тухайн үеийн сэтгэгдэл, мэдрэмжийг одоо эргээд дурсах сайхан байж болох шүү дээ?

-Яалт ч үгүй анхны урапдаан аймгийн аваргын тэмцээн байлаа. 17 настайдаа буудлагын аймгийн аварга шапгаруулах тэмцээнд оролцсон. 10 сум буудаж 100 оноо авч байлаа. Бүгдийг нь 10 дээр буудсан л даа.

Ингэж анх удаа тэмцээнд оролцоод аймгийн аварга болсон. 100 гэсэн бичигтэй нэгдүгээр байрны үнэмлэх гардаж маш ихээр баярлаж байлаа. Харин хамгийн анхны медалиа улсын аваргын тэмцээнээс хүртэж байлаа. 2000 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний алт миний анхны медаль юм.

-Тамирчин болоогүй бол гэх бодол төрж байв уу. Ямар мэргэжилтэй билээ?

-МУИС-ийн Англи хэлний орчуулагчийн ангийг төгссөн. Гэхдээ энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Спортын төрлөө л дагнаж хичээллэсэн. Үүндээ ч харамсдаггүй. Нэг зүйлийн төлөө тууштай зүтгэсэн хүн үр шимийг заавал хүртдэг.

Тиймээс би энэ спортдоо үнэнч үлдэхээр шийдсэн. Буудлагын спортоор анх хичээллэж эхлэхэд шантрах зүйл зөндөө гарна. Больё, буцая гэж олон бодсон. Хүүхэд байсныг ч хэлэх үү бэлтгэп сургууль маань хүнд санагдана.

Дөнгөж буудаж сурахын өмнө нэг буу бариулаад хоёр цагаар огт хөдөлгөөнгүй зогсооно. Энэ нь маш хүнд, уйтгартай дасгал санагдана л даа. Багш хэзээ энэ дасгалаа болиулах бол гэхээс тэсч ядна. Гэтэл энэ нь буудлагын тамирчинд хамгийн чухал дасгал байсан юм билээ.

Бэлтгэлдээ явж эхэлснээс хойшхи эхний таван сар маш хүнд санагдсан. Тэр хэсэг хугацааг шүд зуугаад давчихвал цаашид бүх зүйл хялбар болно. Ер нь тэмцээн уралдаанд ороод үр шимийг хүртээд эхэлчихээр их спортоо орхих сэтгэл ямар ч тамирчнаас гардаггүй байх аа. Би тэгж боддог. Хүмүүсийн хэлдэгээр хобби буюу сонирхол, сэтгэл ханамж авдаг зүйл минь буудлага. Буудаж кайф авдаг хүн гэвэл намайг хэлж болно.

-Ингэхэд гэр бүлээ танилцуулж болох уу. Аавынхаа тухай яривал магадгүй таныг хилчид бүр илүү таньж болох юм?

-Аав минь одоо ч миний хамгийн дотнын зөвлөгч, зааварлагч маань. Миний аав өөрөө их спортлог хүн. Сайн буудахаас гадна уран гимнастикч хүн шүү дээ. Уран гимнастикийн нэгдүгээр зэрэгтэй.

Монголын бүх ард түмний спартакиадын хоёр ч медальтай юм билээ. Өмнөговь аймагтаа төрж өссөн, одоо ч нутагтаа ажил хөдөлмөрөө зориулж яваа жирийн сайхан монгол эр хүн.

Москвад Хилийн цэргийн дээд сургуулийг улс төрийн мэргэжлээр төгссөн гэдэг. Аав маань Хилийн цэргийн амьдралаас хөндийрөөд багагүй жил өнгөрсөн ч гэлээ үргэлж та бүхний ажил хөдөлмөрийн талаар хүнээс үг сонсч, зурагт, радиогоор чих тавьж суудаг.

Өнөөдрийн миний амжилт, гавъяа шагнал бүхэн хилчин аавын минь алсын хараатай ухаанаас үүдэлтэй гэж боддог. Тиймээс аавдаа охин нь үргэлж баярлаж явдаг шүү гэдгээ “Эх орны манаа” сониноор нь дамжуулан уламжилъя.

-Хүмүүс эх орны тухай янз бүрээр л ойлгож, хэлцгээх юм. Тамирчин бүсгүйн хувьд энэ ойлголтыг хэрхэн тайлбарлах бол?

-Миний хувьд 2003 оноос хойш Олон Улсын хэмжээний тэмцээн, уралдаанд оролцож эхэлсэн. Ингэж явахаас эхлээд эх орны тухай арай илүү хүчтэйгээр бодогддог болдог юм билээ. Хамгийн анхны Олон улсын хэмжээний тэмцээн Солонгос улсад зохиогдсон дэлхийн цомын төлөөх тэмцээн байлаа.

Буудлагын спорт дөрвөн жилд нэг удаа дэлхийн аваргын төлөөх тэмцээнээ зохион байгуулдагаараа бусад төрлөөсөө ялгаатай. Бусад төрлүүд жил бүр дэлхийн аваргаа явуулдаг шүү дээ. Буудлагын спортынхон дөрвөн жилийн турш өөрсдийгөө бэлтгэж сойсны эцэст дэлхийн аваргаа шалгаруулдаг. Энэ жилийн есдүгээр сард Испанид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Түүнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Миний хувьд 2003 онд анх оролцсон тэмцээнийнхээ тухай ярихдаа их дуртай байдаг л даа. Тэр тэмцээнд хийн бууны ганцхан төрөлд оролцсон юм. Гэхдээ маш их сандарсан.

Олон Улсын тэмцээнд анх удаа орж байгаадаа ч тэр үү их сандардаг юм билээ. Эхний арван сумаа юу ч болсныг мэдэлгүй буудаад дуусчихсан. Харин дараагийн буудлага эхлэхэд би ганцхан Нарантуяа гэж хувь хүний төлөө биш, эх орныхоо нэрийн өмнөөс буудаж байгаа шүү дээ гэдэг бодол гэнэт л ороод ирсэн. Тэгэнгүүт өөртөө ямар нэг хэмжээгээр шууд шаардлага тавьдаг юм билээ.

Дараа дараачийн сум нэлээд гайгүй тусаад эхэлсэн. Ингэж тэр тэмцээн дээр Олон улсын хэмжээний мастерийн болзолоо хангаж байлаа. Ямар ч тамирчин хүнд хилийн дээс алхангуут эх орон нь түүний нэр болоод эхэлдэг.

Монголын тамирчин, тэр Монгол л гэж ярихаас биш шууд Нарантуяа гэж бүсгүйг хэн ч ярихгүй. Тиймээс асар их хариуцлага ирдэг. Энэ хариуцлагаа ч тамирчид маань маш ихээр мэдэрч чаддаг учраас амжилтын буухиа нь тасардаггүй биз ээ.

Манай багш нар бидэнд үргэлж захидаг нэг зүйл бий. Апиваа цол, гавъяаг тамирчин хүн хүртэж болно. Харин тэр цолыг цаг ямагт хамгаалж, түүндээ эзэн болж явна гэдэг анх авснаасаа хүнд хариуцлага байдаг гэцгээдэг. Би ч энэ үгийг үргэлж бодож явахыг хичээдэг.

Зарим хүмүүс тамирчдыг гадаад дотоодын олон газраар явж сэлгүүцсэн их жаргалтай хүмүүсээр төсөөлдөг. Яг үнэндээ эх орноосоо холдоно гэдэг тийм ч сайхан зүйл биш шүү дээ. Хэдийгээр өндөр хөгжилтэй, гоё сайхан газраар явах гоё ч гэлээ утаатай ч гэлээ Улаанбаатартаа ирэх нь хамгийн сайхан байдаг.

-Мэдээж гавъяа байгуулж, медаль хүртэх тамирчин бүрийн хүслэнт мөч, хором байдаг биз. Ер нь та бүхний бахархал хэзээ хамгийн ихээр төрдөг вэ?

-Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, хүний нутгийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандахыг харах шиг бахархмаар зүйл ховор шүү дээ. Би үүнийг л тамирчин бүрийн чин зүрхний бахархал гэж хэлнэ.

Маш хүнд нөхцөл, ширүүн өрсөлдөөн дундаас амжилт байгуулаад төрийн далбаагаа мандахыг харах шиг сайхан зүйл цөөхөн дөө, цөөхөн. Буудлагын спортын тамирчны хувцас хэрэглэл өмсөх бас тийм ч амар зүйл биш шүү дээ. Хүнд жин ихтэй хувцас, бээлий өмсөнө.

Тэмцээн болох өдрийн цаг агаарыг урьдчилан тааж болдоггүй. Маш хурц нартай ч өдөр таарна. Эсвэл нэг их салхитай өдөр ч тэмцээн болно шүү дээ. Энэ бүхэнд авталгуйгээр өөрийн хүссэн оноогоо авах, буудаж дууссаны дараа багшийнхаа инээчихсэн сууж байхыг харах надад үгээр хэлэмгүй сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрүүлдэг.

Өнгөрсөн жил Иранд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнийн үеэр ягтийм үйл явдал болсон юм. Үнэхээр эцсийнхээ мөчөө шавхаж ажилласан. Буудаж дуусаад эргээд харахад багш маань инээчихсэн сууж байсан.

Би шилдэг наймд багтаад ахиад медалийн төлөө буудах эрхтэй болчихсон нь тэр байж. Тэгээд мөдалийн төлөө буудаад хүрэл медаль хүртсэн. Хүнд хэцүү ч гэлээ энэ мэт сайхан мэдрэмжийг төрүүлж чаддагаараа спортын амьдрал үнэхээр гайхамшигтай сайхан.

-Ер нь нийгмийн аль ч салбарт амжилттай яваа бүсгүйчуүд ямар нэгэн хэмжээгээр хувийн амьдралдаа золиос гаргасан байх шиг санагддаг. Таны хувьд ар гэртээ хэр их цаг гаргадаг эзэгтэй вэ?

-Үнэхээр төвөгтэй л дөө. Тамирчин эмэгтэйн ард маш их тэвчээртэй, ухаантай нөхөр байхгүй бол ойлгоход их хэцүү. Бид чинь гэртээ байх нь ховор. Байнгын бэлтгэл сургуулилт гээд хань, үр хүүхэдтэйгээ хамт байхаасаа байхгүй нь элбэг.

Тэмцээн гээд орон улс дамжаад явах нь ч олон. Нутаггаа гэрийнхэнтэйгээ нэг дор байгаа хэрнээ уулзаж амжихгүй, тамирчидтайгаа нэг дор байрлан бэлтгэл хийх нь ч бий. Тиймээс тамирчдын ар гэр маш найдвартай байх нь чухал. Миний хань ажлыг минь маш сайн ойлгодог. Намайг их дэмждэг.

Бид хоёр зургаан настай нэг хүүтэй. Сая сургуульд орсон. Яагаад гэдгийг мэдэхгүй ч хүү маань буудлагын тамирчин болохгүй гэж нэг удаа хэлэхийг нь сонссон шүү. Сонин байгаа биз.

-Хүүхэд төрүүлэх, эх хүн болох тэр торгон мэдрэмжийн талаар ярилцья. Зургаан жилийн өмнө төрсөн гэхээр монголчууд анхны олимпийн аваргаа угтан авсан тэр жил байх нь, зөв үү?

-Тийм шүү. Миний хүү 2008 оны наймдугаар сарын 14 буюу Монголын тамирчин Найдангийн Түвшинбаяр ах Бээжингийн олимпоос анхны алтан медалиа авсан өдөр төрсөн. Таны асуулт бас их сонин тохиолдлоор таарлаа. Тэр өдөр пүрэв гараг байсан. Балжинням, Дашнямтай их сайн өдөр байсан шүү дээ.

Миний амьдралд бас их сонин зүйл тохиож яг тэр мөчид би эх хүн болж байлаа. Төрж байсан учраас юун тэр зурагт, утас манатай. Гэтэл яг төрсний дараахан гадуур хүмүүс шуугилдаад, талбайгаар нэг дуу шуу болоод эхэлсэн.

Юу болоод байгааг асуухад монгол хүн олимпийн аварга боллоо гэж байлаа. Эмэгтэй хүний хувьд төрөх, эх хүн болох мэдрэмжийг өөрийн биеэр мэдрэх нь үнэхээр гайхалтай юм билээ. Мэдээж өвдөлт гэдэг дээд зэргийн хүнд, аймаар.

Тэгэхэд бас би жирийн нэг бүсгүй хүн биш, тамирчин хүн гэдгээ өөрөө мэдрэх шиг болсон. Надаас маш их тэвчээр, хичнээн өвдлөө ч бусад эмэпэй шиг орь дуу болж болохгүй мэт санагдаж байлаа.

-Хүүдээ хэн гэж нэр хайрлав. 2008 онд “Түвшинбаяр”-ууд ихээр нэмэгдсэн шүү дээ?

-Хүмүүс надаас ингэж их асуудаг. Бид хүүдээ Ган-Эрдэнэ гэж нэр хайрласан. Хүн хүний хувь төөрөг өөр гэж бодоод гэрийнхэнтэйгээ ярилцаад ийм нэр өгсөн юм. Ямар ч тэмцээнд оролцоод амжилт гаргасан эсэхээс эс хамаараад гэртээ ирсний дараа нэг их сэтгэлийн амгаланг мэдэрдэг. Хүүгээ харангуут миний хамаг ядаргаа, алжаал гарах шиг санагддаг юм.

-Та бидний яриа эх орны хязгаар нутагт ажиллаж амьдарч буй хилчдэд хүрнэ. Тэдэндээ зориулж юу гэж хэлмээр байна?

-Хилчнээс өөр хэний ч мөр гараагүй онгон дагшин газар эх орноо хамгаалж, хилийн манаанд алхаж яваа хилчний сэтгэлд юу бодогдож байдаг бол гэж би хааяа боддог. Тэгэх бүртээ хилийн баганын дэргэдээс нүдний гүйцэмгүй цэлгэр уудам нутгаа харахсан гэж хүсдэг юм.

Энэ нийгмийн бухимдлаас хэсэг ч гэсэн ангижраад, интернэт, гар утаснаас холдож хилийн заставт хэд хоноод ирвэл жинхэнэ амралт тэр болох байх аа гэж санадаг. Хилчин хүмүүс нэг бодлын атаархмаар шүү. Хийж буй ажил нь асар өндөр нэр хүндтэй.

Хилчин гэдгийг нь сонссон хэн ч таныг хүндэтгэдэг шүү гэдгийг хилчиддээ хэлмээр байна. Эх орноо ижий аавтайгаа, энэ биеэ хамтад нь хамгаалуулж байгаа хилчиддээ монголын ард түмэн бид талархаж явах нь зүйн хэрэг.

Танай ажил дээр ирээд таньтай ярилцаад суух надад их сайхан байлаа. Хил хамгаалах ерөнхий газрын дотор засал нь их гоё юм аа. Энэ сайхан зургуудыг хараад аавынхаа эрхэлж байсан ажлаар маш их бахархлаа. Бас хилийн аль ч хамаагүй нэг застав, харуул дээр очоод ирмээр ч юм шиг мэдрэмж төрж байна.

Аав минь хааяа нэг цэрэг хувцасаа гаргаж ирж харчихаад далд хийгээд байдаг. Ийм сайхан ажлаараа аав минь бахархахаас аргагүй юм байна. Монголынхоо бүх хилчдэд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье.

Тамирчин хүний амжилтын салшгүй нэг хэсэг нь ивээн тэтгэгч байгууллагууд байдаг. Энэ дашрамд ивээн тэтгэгч байгууллага, буудпагын холбооныхон, багш дасгалжуулагчид, бэлтгэл хийж буй хамт олон та бүгддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Та нартаа баярлалаа гэж хэлье. Мөн намайг ивээн тэтгэж байсан “Chingis mining" группийн захиралдаа маш их баярлаж явдаг. Миний бүхий л амжилт энэ групптэй минь салшгүй холбоотой.

-Ярилцсанд баярлалаа. Дүүрэн амжилтын тань дараа дахин уулзахын ерөөл тавья.

Ярилцсан дэслэгч Г.Нямгэрэл

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин