-Хоёулаа ярилцлагаа таны төрж өссөн, нутаг усны талаар эхлэе?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж өссөн. Мандалын унаган хүүхэд.

-Багадаа ямархуу хүүхэд байв. Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?

-Миний бага нас сумандаа өнгөрсөн. Манай сум чинь бусад сумыг бодвол хүн ам их, хөгжил цэцэглэлт сайн, улсын тэргүүний сумдын нэг. Би таван нас хүртлээ хөдөө байж байгаад сумын төв рүү орж, сургуульд орж байсан. Багаасаа л хөдөөний хүүхдүүд юу хийдэг билээ. Тэр бүгдийг хийж өссөн.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Эхээс хоёулаа. Дороо нэг дүүтэй. Манай дүү Анагаах ухааны дээд сургуульд оюутан.

-Өөрийг чинь улсын начин Д.Нэгдэлийн хүү гэдгийг мэднэ. Аавынхаа барилдааныг хэр сайн мэдэх вэ?

-Манай аав 1979 онд улсын арслан Ө.Эрдэнэ-Очироор тав давж, улсын начин цол хүртэж байсан. Аавынхаа барилдааныг яг хажуугаас нь өөрийн нүдээр харж байгаагүй. Хүн амьтнаас аавынхаа барилдааны талаар сонсож, ганц нэг барилдааны бичлэг үзэж байсан.

Жижиг биетэй мөртлөө шуудагнаас сайн барилддаг, хүнд их бярдуулдаггүй, зүүн баруун аль ч хөлийг авчихдаг ер нь элдэвтэй, барилдаанч бөх гэж үеийнхэн нь ярьдаг. Аав маань чөлөөт бөхийн шигшээ багт туслах дасгалжуулагч хийж байсан. Чөлөөт бөхийн ОУХМ цолтой.

-Аав тань хаана ажиллаж амьдарч байна вэ?

-Одоо Орхонтуул суманд амьдардаг. Тэтгэвэртээ гарчихсан л даа.

-Аав нь барилдааны талаар хэр зөвлөдөг вэ?

-Хүмүүс ярихдаа аавыг заан цолонд хүрчих хэмжээний бөх байсан гэж ярьдаг. Миний хүү бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд аавынхаа авч чадаагүй цолыг аваарай гэж их захидаг.

-Бөхийн гэр бүлд өссөн болоод бөхийн спортыг сонгов уу? Аль эвсэл...?

-Багаасаа бөх их сонирхдог, улсын наадам эхэлнэ, зурагтны өмнө очоод л суучихдаг байсан. Тэр үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын аваргууд ид байлаа. Гэхдээ би барилдана гэж бодож байгаагүй.

Манай сумын, жудогийн ОУХМ, аймгийн заан Баатарсүрэн ах 2009 онд намайг “Чи улсын начны хүүхэд юм чинь барилдах уу” гээд Мандал суманд наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд дээр аваачиж, бөхийн гал гэж юу байдаг, бөхчүүд бэлтгэл яаж хийдгийг анх үзүүлж байсан.

Анх тэгж наадмын бэлтгэл сонирхож очихдоо дээгүүрээ зодог шуудагтай, доогуураа бакал өмсөөд л бэлтгэл хийж байсан. Тэр үед одоогийн улсын начин Ч.Баянмөнх ах аймгийн арслан цолтой байсан. Баянаа ахыг хараад барилдах урам зориг их орж байлаа.

Тухайн үед “Энэ хүн шиг бэлтгэл сургуулилт хийвэл барилдаж болох юм байна” гэж бодогдсон. Тэгээд тэр намраа хотод оюутан болж ирээд ҮБТДС-д оюутан болсон доо. Тэр үед Сэлэнгээс, дөч гаруй залуучууд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багш дээр бэлтгэл хийж эхэлсэн юм. Одоо тэднээс арваад залуучууд үлдсэн, тогтмол бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Тэдгээр залуус эхнээсээ цолонд хүрч байна уу? Нэрлэвэл...?

-Эдгээр залуусаас улсын цолтой бөх хараахан төрөөгүй байна. А.а Б.Уугандаваа, а.х А.Мөнхтүшиг, а.н.н Н.Энхжаргал, а.н Д.Төрболд, с.з Н.Ширчинхүү, С.Оргилбаатар бид хэд байна.

-Хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

-Барилдаж эхлээд таван жил болж байна. 2010 оны намраас бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.

-Анх ямар цол авч байв?

-2010 онд Орхонтуулын Ж.Галбадрах ах аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол авсан. Тэгээд нутагтаа цолны мялаалга наадам хийж, сумын заан, начин цол олгох барилдаан зохион байгуулахад үзүүрлэж, сумын начин цол авч байсан.

-Бөхийн спортод оруулсан анхны багш чинь хэн байв?

-Миний анхы багш гэвэл улсын харцага Т.Өсөх-Ирээдүй. Оюутан болж ирээд л багшийнхаа удирдлага дор дөрвөн жил бэлтгэл хийгээд явж байна. Т.Өсөх-Ирээдүй багш бид нартай их тулж ажиллаж, бидний төлөө маш олон зүйл хэлж, зааж өгдөг.

-Ээжийн тань тухай асуумаар санагдлаа?

-Манай    ээжийг М.Оюунцэцэг гэдэг. Мандал сумын харъяат. Ээжийн аав, ээж хоёр Шивэрт, Орхироо гээд байдаг. Тэндхийн унаган хүмүүс. Ээжийн талд бөхийн удам байхгүй. Харин өвөө том биетэй, өндөр хүн бий. Одоо 90 гарсан өндөр настай.

-Таны барилдааны онцлог?

-Би чинь өндөр биетэй хүн учраас барилдахдаа хөлөө алдчихвий, золгоонд хүрч барилдвал надад ашигтай гэж боддог. Гэхдээ бүх хүнтэй золгож барилдана гэж байхгүй шүү дээ. Сүүлийн үед багш нартайгаа яриад сэрвүү барьцнаас барилдах тал дээр анхаарч байгаа.

-Одоо барилдаж буй бөхчүүдийн дотор нэлээн өндөрт орно. Багын л өндөр хүүхэд байв уу?

-Багаасаа ээжийнхээ удмыг дагаад ч тэрүү, өндөр хүүхэд байсан. Нэгдүгээр ангид орохоосоо эхлээд нэгд зогсдог, арван жилд байхдаа сагс их тоглодог байсан.

-Биеийн жин хэдтэй байна. Жингээ нэмье гэсэн бодол байна уу?

-Жин 105 кг тай байна. Жилээс жилийн хооронд өвлийн бэлтгэл хийгээд дунджаар 3-4 кг нэмдэг. Сүүлийн үеийн бөхчүүд амжилт гаргахад жин их нөлөөлдөг болж. Жингээ нэмж барилдвал надад ашигтай давуу талтай байх.

Гэхдээ жин нэмэх дургүй янзтай. Яагаад гэхээр манай аав яргай, тарган биш, дунд зэргийн биетэй хүн. Тэр онцлог нь удамшаад ч тэр үү, нэг их таргалж өгөхгүй байна. Уг нь жингээ 125-130 хүргэчих юмсан гэж боддог.

-Сэлэнгийн баяр наадамд жил дараалан шөвгөрсөн байх аа?

-Тэгсэн. Би чинь 2011 онд Ерөө сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол авсан. Тэрнээс хойш аймагтаа 3 жил дараалан шөвгөрөөд байгаа. 2012 онд аймагтаа улсын начин Д.Амаржаргал (агсан) -аар тав давж аймгийн начин цол аваад, зургаад аймгийн заан Э.Саранбаатарт ахад унасан.

Уг нь нэлээн дээш үзнэ, түрүүлнэ гэсэн зорилготой байсан. Уначихаад хор, шар нэлээн хөдөлсөн шүү (инээв). Тэр жил Б.Уугандаваа ах түрүүлж, аймгийн арслан болсон.

Ирэх жил заавал түрүүлнэ гэсэн зорилготой бэлтгэлээ хийгээд аймгийн заан Б.Эрдэнэбаяр ахаар найм даван түрүүлж, аймгийн арслан болоод, энэ жил өмнө унаж байсан аймгийн заан Э.Саранбаатар ахаар найм даван дахин түрүүлж, хурц чимэг хүртээд байгаа.

-Хурц чимэг хүртээд хэр их баярлав...?

-Би чинь сэтгэл хөдлөл багатай хүн. Энэ жил улсын наадамд барилдах гэснээ “эрэмбээ ахиулахгүй бол болохгүй юм байна” гэж бодоод аймагтаа барилдсан. Дотроо эрэмбээ ахиулъя гэсэн зорилго тавин барилдаад, тэрэндээ хүрсэндээ    баяртай байлаа.

Гэхдээ сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй. Хүн болгонд өөртөө тавьсан томоос том зорилго байгаа. Тэрэндээ хүрэхийн тулд наана нь сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй гэж боддог.

-Эрэмбэ нэлээн дээшилсэн биз? Аймгийн арслан, хурц арслан хоёрын хоорондын ялгаа хэр байна?

-Өө ялгаа их байлгүй яахав. Би МҮБХ-ноос гаргасан эрэмбээр 10-д жагсаж байна лээ. Өмнө арслан байхдаа 140 гарч зогсож байсан. Эхний 10-т зогсоно гэдэг бол маш том хариуцлага гэж бодож байна. Хурцлана гэдэг чинь арслан байснаас хамгийн наад зах нь ам авах дээр ажиглагдана.

-Аймгийн цол авахаасаа өмнө сумын заануудын барилдаанд хэр барилддаг байв?

-Сумын    заануудын барилдаанд алгасалгүй тогтмол барилддаг байсан. Т.Өсөх-Ирээдүй багш барилдаан алгасалгүй  тогтмол барилд, давахдаа гол нь биш, барилдаан гэдэг чинь чамд асар их туршлага болно гэж захидаг. Би сумын заануудын барилдаанд 2 удаа л тав давж байсан.

-Өсвөр үе, залуучуудын УАШТ-нд барилдаж байв уу?

-2010 онд хотод оюутан болж ирээд бэлтгэл хийж эхлэхэд миний өсвөр нас хэтэрчихсэн байсан. Дөнгөж ирээд удаагүй байсан болохоор тэмцээн уралдаанд оролцож чадаагүй.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-2012 онд ШБТДС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо ҮБТДС-д магистрт сурч байна.

-Танай ангиас одоо барилдаж байгаа бөхчүүд бий юу?

-Аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, аймгийн арслан Д.Энхбаяр, аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн начин С.Бат-Үүл, Г.Хишигбат, О.Очбат бид хэд нэг ангийнхан.

-Бөхийн спортоор хичээллэж, барилдаж болох юм байна гэсэн урам зориг хэдий үеэс төрөв?

-2010 онд бэлтгэл сургуулилт хийнэ гэж хөдөөнөөс орж ирээд Баянзүрх хайрханы хишиг барилдааныг үзэж байсан. Тэр барилдаанаар том цолтой бөхчүүд залуу бөхчүүдэд ямар үлгэр дуурайлал үзүүлдэг, яаж барилддаг, ёс жаягийг хараад барилдах урам зориг орж байсан.

-Шантарч байсан үе бий юу?

-Өөртөө зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Шантрах гэсэн сэтгэл зүрх надад байдаггүй. Нэгэнт л энэ спортоор хичээллэснийх оргилд нь хүрэхийн тулд бэлтгэлээ хийгээд явж байна. Хэзээ нэгэн цагт бөхөөр хичээллэсний үр дүн гарна гэж боддог.

-Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн үү? Ямар горимоор хийж байна вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Увс нуур дэвжээний бөх гэж гарч байгаа. Увс нуур дэвжээний бэлтгэл өнгөрсөн долоо хоногт эхлээд арай жигдэрч амжаагүй байна.

Одоохондоо сагс, хөл бөмбөг тоглох, кросс гүйгээд л байж байна. Ноднин манайх долоо хоногийн гурван өдөр нь хүчний бэлтгэл, хоёр өдөр нь барилдааны бэлтгэл хийдэг байсан.

-Бөхийн бусад төрлөөр барилддаг уу?

-Одоо ер нь үндэсний бөхөөр барилдахаас гадна давхар их спортоор хичээллэвэл амжилтанд хүрдэг болсон байна. Миний хувьд жудогийн бэлтгэл хийдэг. Ганц нэг удаа улсын аварга, нэрэмжит тэмцээнүүдэд оролцож байсан болохоос тогтмол бэлтэл хийгээд тэмцээн уралдаанд ордоггүй.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Манай гэр бүлййн хүнийг Эрдэнэсувд гэдэг. Бид нэг нутгийнх.

-Ямар мэхийг голлож хийдэг вэ?

-Би золгооноос барилддаг. Сүүлийн үед сэрвүү барьцнаас барилдах, өөрийн бие раманд тохирсон тахимдах, суйлах зэрэг мэхийг хийж байгаа.

-Санаанаас гардаггүй болон харамсаж явдаг барилдаан бий юу?

-2012 онд аймгийн наадмын зургаагийн даваанд а.з Э.Саранбаатар ахад унасан барилдаанд их харамсдаг. Тэр жил түрүүлнэ гэсэн зорилготой байсан.

Санаанаас гардаггүй барилдаан гэвэл би 2013 онд Дорноговь аймгийн наадамд очиж барилдаад одоогийн а.а Б.Гончигтавхайд хөлөө алдчихаад бүр нарийсгуулчихсан бараг цээжин дээрээ гаргачихсан байж байгаад хайчилж унагааж байсан. Тэр барилдаан сэтгэлд үлдсэн дээ.

-Дотно найзалж нөхөрлөдөг бөхчүүд хэн хэн байна?

-Дэвжээний бөхчүүдтэйгээ дотно найзалдаг. Увс нуур дэвжээнээс а.а Х.Оргилболд, а.х Ц.Мөнхбаяр, с.з Түмэн, Таван хан дэвжээнээс а.а Б.Уугандаваа, а.н Д.Төрболд, сумын заан Н.Ширчинхүү, С.Оргилбаатар, Батмөнх, Жанболат нартай найзалдаг.

-А.Сүхбат аваргын “Ирээдүйн    аварга” шагналыг авсан байх аа?

-Өнгөрсөн жилийн цагаан сарын барилдаанаар аваргын нэрэмжит шагналыг авсан. Тэр том аварга хүнээс шагнал авсандаа маш их баярлаж байгаа. Тэр шагналыг аваад маш их урам зориг орсон.

Тэр хэмжээгээрээ өөрийгөө их дайчилж байгаа. Би цагаан сарын барилдаан дээр нэгийн даваанд а.а Ч.Баасанбат, хоёрт у.н Б.Баянмөнх, гуравт у.н Ш.Уламбаяр нарыг даваад, дөрөвт С.Мөнхбат аваргад унасан.

-Багш нарынхаа заавар зөвлөгөөг барилдаан дээр бүрэн гүйцэд биелүүлж чадаж байна уу?

-Апь болох биелүүлэхийг хичээдэг. Багшгүй хүн амжилтанд хүрнэ гэж байхгүй. Тамирчин хүн гэдэг чинь багш нарынхаа зааж, зөвлөж хэлсэнтэй өөрийн бодол санааг уялдуулж байж амжилтанд хүрнэ шүү дээ.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Бэлтгэл жигдрээд ирэхээр чөлөөт цаг    бараг гарахгүй дээ. Зав гарвал агаар салхинд гарч, сагс тоглодог.

-Ярилцлагынхаа төгсгөлд ойр дотны болон, тусалж дэмждэг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

-Сэлэнгэ нутгийн ард түмэн болон, Увс нуур дэвжээний удирдлагууд, намайг тусалж, дэмжиж байдаг хүмүүстээ баярлаж таларжаж явдгаа хэлье.

Мөн улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, у.г Б.Гантогтох, у.з Д.Бумбаяр нарын багш нартаа баярлаж явдгаа хэлье.

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: "Бөх" сонин