sonin.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд биеийн тамир, спорт, соёл, аялал жуулчлалын салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаар талууд Зөвлөлдөх уулзалтын хүрээнд харилцан тохиролцсон.

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх үүднээс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гавана хотноо “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлаг хоорондын хэлэлцээр”-ийг байгууллаа.

Хэлэлцээрт Монголын талаас Элчин сайд О.Даваасамбуу, Кубын талаас Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлагын Ерөнхийлөгч Антонио Бекали Гарридо нар гарын үсэг зурлаа.

Манай хоёр орны спортын салбар дахь урт хугацааны, уламжлалт түүхэн, найрсаг харилцаа цаашид улам өргөн хүрээтэй хөгжих боломжоор дүүрэн байгааг талууд онцлов.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах, харилцан айлчлал зохион байгуулах, 2016 оны Зуны Олимпийн наадам Бразил Улсад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан бокс, чөлөөт бөх, жудо, хөнгөн атлетик зэрэг спортын зарим төрлөөр олимпын өмнөх тэмцээнүүдийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, БНКУ-д Монголын бокс, чөлөөт бөх, волейбол, хөнгөн атлетикийн дасгалжуулагчдыг урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх зэрэг олон олон боломжууд бий болж байна.

Кубын талаас Олимпын 2 алт, нийт 24 медальтай Монгол Улсын медалийн тоо болон чанарыг сайжруулахад хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ албан ёсоор уламжиллаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд Кубын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга Мигел Анхел Рамирез, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид болон Олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдэд домог болсон хөнгөн атлетикийн тамирчин Хавиер Сотомаяор, боксчин Феликс Савон зэрэг тамирчид оролцов.