sonin.mn

Самбалхүндэвийн Эрдэнэ 1993 оноос эхлэн таеквондогоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд Улс, хотын долоон удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, Дэлхийн цомын аваргаас хүрэл, бүх бие хамгаалах ДАШТ-ээс хоёр ч удаа алтан медаль хүртсэн түүнтэй ярилцсанаа хүргэе. Саяхан тэрээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ.

-Бүх бие хамгаалах тулааны ДАШТ-д амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээний талаар товч танилцуулаач?

-Бүх бие хамгаалах урлагийн ДАШТ нь  Итали улсын Марина де Карара хотод аравдугаар сарын 29-нөөс энэ сарын 3-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тулааны урлагийн таеквондо, каратэ, кикбокс, у-шу гээд бүх төрлийн тулаан 29 дэвжээнд зэрэг болдог юм. Тэмцээнд би +75 кг-ын жинд тулааны төрлөөр зургаан удаагийн тоглолт хийснээс тав ялж, нэг хожигдож мөнгөн медаль хүртлээ.

-Ямар орны тамирчидтай учраа таарав. Өрсөлдөгчид хэр байсан бэ?

-Медалийн төлөө Канад, Шинэ Зеланд, Испанийн тамирчинтай учраа таарсан. Би алтан медалийн төлөө Испанийн тамирчинтай тулалдсан юм. Бид хоёр дөрвөн жилийн өмнөөс оноолт таарч алтын төлөө тоглох болсон. Испанийн тамирчин нэг, би хоёр удаа алтан медаль авч байлаа.

-Өмнөх ДАШТ-ээс хоёр ч удаа алт авсан байна. Энэ удаа юун дээр алдав?

-Испанийн тамирчин насаар залуу тамирчин. Мөн би тулааны үеэр гар оролцуулж алдаа гаргаад торгуулийн оноо алдаж алтан медалиас мултарсан. Энэ жил дэлхийн аваргад явсны олз гэвэл  Бельги улсын тамирчид хамтарсан бэлтгэл хийх санал тавьсан.

-Тулааны төрлөөр хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?

-Би долдугаар анги хүртлээ уран нугаралтаар хичээллэж байсан. Тухайн үед “Хонгилдоон” гэж шинэ кино гарч байлаа. Тэр киног үзээд л “Ингэж үсрээд сурчих юм сан” гэсэн хүүхдийн гэнэн бодлоор анх бие хамгаалах спортоор хичээллэсэн дээ. Тэгээд батлан хамгаалахын туслах нийгэмлэгт анхны элсэгч болж байлаа.

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач. Магадгүй эршүүд охин байсан уу?

-Би багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй эршүүд охин байсан. Харин би таеквондогоор хичээллээд өөр болсон шүү. Бие хамгаалах урлагаар хичээллэсэн хүүхэд тэвчээртэй, биеэ хянах чадвартай болдог юм билээ. Манай гэр бүлийнхэн ч гэсэн спортод элэгтэй хүмүүс байдаг.

-Амжилтын цаана гэр бүл байдаг. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай аав волейболийн ОУХМ Р.Самбалхүндэв гэж хүн байсан. Ээж маань залуудаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Нөхөр маань олон улсын таеквондогийн холбоонд багш дасгалжуулагч хийдэг. Нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг.

Манай тулааны төрөл олимпийн төрөлд ороогүй учраас тамирчид маань бор зүрхээрээ л тэмцээнд явдаг. Намайг өдий зэрэгтэй амжилт гаргахад гэр бүлийнхэн, ойр дотныхон маань их нөлөөлсөн. Тэднийхээ дэмжлэгээр л өдий зэрэгтэй явна.

-Бэлтгэлийн ачаалал хэр байдаг вэ. Бэртэл гэмтэл их авдаг уу?

-Бэлтгэл гэлтгүй тэмцээний үеэр ч гэмтэл авах нь элбэг. Би сая ДАШТ-д алтын төлөө тоглохын өмнө зөөлөн эдийн гэмтэл авсан. Тэгээд гурав хоног эмчилүүлээд, тэмцээндээ оролцсон. Хүүхдүүдэд хичээл заахын хажуугаар бэлтгэлээ байнга хийдэг.

-Хүүхдүүдэд таеквон­до­гийн хичээл заадаг гэлээ. Олон шавьтай юу?

-Би “Шинэ гэр” нэртэй цэцэрлэгт 3-6 насны 25 хүүхдэд таеквондогийн хичээл заадаг. Ихэвчлэн эрэгтэй хүүхэд элсдэг ч энэ жилээс эмэгтэй хүүхдүүд бүртгүүлж байгаа.

Хүүхдүүд  “би хүн аалз шиг болмоор байна” гэдэг. Хүүхдүүдийг тоглоомоор нь дамжуулж биеийг нь халааж, хичээлээ заадаг. Зарим хүүхэд “багшаа би энэ өшиглөлтийг 10 удаа давтсан” гэдэг.

-ДАШТ-д оролцсон туршлагатай тамирчны хувьд сэтгэлзүйн бэлтгэл хэр байсан бэ?

-Би тэмцээний үеэр ялна гэсэн сэтгэлээр өөрийгөө зоригжуулдаг. Анх амжилтаа чамлаад  гэрийнхэндээ утсаар “Алтыг нь арай барсангүй дээ”  гээд ярихад  гэрийнхэн маань “Чамлахаар чанга атга. Өнгө нь ямар байх нь хамаагүй. Чиний хөдөлмөр шингэсэн медаль шүү. Баяр хүргэе” гэж байлаа.

А.Цээсүрэн

Эх сурвалж: