sonin.mn

Гал унтраах техникийн олон төрөлт спорт /ГУТОТС/-ын 10 дахь удаагийн ДАШТ-ий байлдааны тархалтын тэмцээний төрөлд манай баг тамирчид ОУХМ-ын болзол биелүүлэв.

Казакстаны Алматы хотод өнгөрсөн есдүгээр сарын 4-9-нд болсон тус тэмцээнд спортын мастер Д.Алтансүх, Д.Ганзориг, О.Батсайхан нар 34.40 секундын амжилтыг үзүүлсэн юм.

ГУТОТС-ын төрлөөр ОУХМ-ын болзол хангасан энэ амжилтыг үнэлэн ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд спортын мастер Д.Алтансүх, Д.Ганзориг, О.Батсайхан нарыг ОУХМ цол, тэмдэгээр шагнав.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад 1956 оноос эхлэн гал сөнөөгчдийн гал унтраах ур чадвар, дадлагыг дээшлүүлэх, гал унтраах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн нь гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсч хөгжсөн түүхтэй.

Монголын Биеийн тамир спортын төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1971 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор гал унтраах техникийн олон төрөлт спортыг БНМАУ-ын /хуучин нэрээр/ спортын нэгдсэн ангилалд оруулж, тамирчдад олгох цол зэргийн нормыг баталсан байдаг.

Д.Өлзий

Эх сурвалж: