sonin.mn

Хацү башёгийн 13 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатог давснаар 33 дахь түрүүг авах болзлыг ханган Японы мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн түүхэн дээд амжилтын эзэн боллоо.

Их аваргын хувьд Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж байгаа Хацү башё дуусахаас хоёр хоногийн өмнө түрүүлсэн төдийгүй 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэнд Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж байгаа цорын ганц бөхөөр тодорлоо. Хакүхо энэ өдөр озэки Кисэносатог нэмэлт барилдаанд давж, 13 дахь даваагаа авсан юм. Тэдний эхний барилдаанд хоёр бөх ойролцоо шороодсон учраас шүүгч нар зөвлөлдөж дахин барилдуулахад Их аварга ошитаоши мэхээр ялснаар түрүүлэх болзлыг хангав.

Тус барилдааны өмнө Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нар барилдаж Какүрюү давснаар Хакүхо 13 даваатай болж, башёд түрүүлэх нь тодорхой болсон юм.

Дашрамд сонирхуулахад, Макүүчи зиндаанд 69 дэх дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 33 түрүү аваад байгаа бол дээд амжилтыг 48 дахь Их аварга Тайхо 32 түрүү авсан амжилтаар тогтоогоод байсан юм. Харин түүний араас Ёкозүна Чиёонофүжи 31, Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж 25 түрүү авсан амжилтаар удаалж байна.
Хацү башёд барилдаж байгаа Монгол бөхчүүдийн амжилт 13 өдрийн дараах байдлаар:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-3
Ёкозүна Какүрюү М.Ананд 10-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5-8
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-6
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-4
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5
M-13Араваши Э.Дөлгөөн 6-7                              

M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 9-4                                                  

М-15 Кагамио Б.Нанжид 6-7
 
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 4-9
Барууны 4 Таканоива А.Баасандорж 5-8
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 5-8
3үүний-9 Сэйро А.Өнөболд 7-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 6-7
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-10                                                                                                                                                     

Д.Өлзий


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг