sonin.mn
Улаанбаатар хотноо ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу гуравдугаар сарын 17-нд болох Монгол, Зүүн Тимор улсын шигшээ багуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа. Монгол улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг   “Russia-2018” ДАШТ-ий урьдчилсан шатанд Зүүн Тиморын шигшээ багтай сугалаа таарсан. Эхний тоглолтоо манай шигшээ баг айлын талбайд өчигдөр хийж 4:1-ийн харьцаагаар ялагдсан. Харин хариу тоглолт  3 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо МХБХ-ны ногоон талбайд болно.
 
Уг тоглолтод Монголын хамгийн анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн оролцохоор болсон байна. Тэрбээр өнгөрсөн жил Тайландын лигт тоглохоор гэрээ байгуулж байсан бол саяхан Сербийн лигт тоглохоор очоод байгаа юм. Сербийн лиг нь Европын топ лигүүдийн түвшинд хүрэхгүй ч жил бүр эндээс Англи, Герман, Италийн лигүүдийг зорих шинэ авьяастнууд тодордог. Тиймээс ч Европын топ лигүүдийн скаутуудын анхааралд өртөх боломж, магадлалтай гэгддэг. А.Мөрөн Монгол Улсын шигшээ багт дуудагдсан учраас Сербийн лигийн 16 дугаар тойргийн дараа эх орондоо ирж, Зүүн Тиморын багтай хийх урьдчилсан шатны тоглолтод оролцоод буцах юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: