sonin.mn
Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын олимпод монголчууд анх удаа оролцоно. Эзэмшсэн мэргэжлийнхээ хаан болсон ур чадвартай ажилчдын дэлхийн хэмжээний “тулаан” болдог эл тэмцээнд Монголын баг цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, токарь, гагнуур, мужаан, үсчин, гоо засал, тогооч гэсэн есөн мэргэжлээр өрсөлдөх юм. 
 
Дэлхийн олимпод эх орноо төлөөлөх залуусыг тодруулах эцсийн шатны шалгаруулалт ирэх долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр тэмцээнд оролцох мэргэжлийн холбоод болон шүүгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Дэлхийн ур чадварын байгууллага гишүүн орнуудынхаа дунд 1950 оноос хойш хоёр жил тутамд тогтмол зохион байгуулж ирсэн. 
 
Ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэ тэмцээнд 23-аас доош насны залуус 45 мэргэжлээр өрсөлддөг бөгөөд энд хэн ялах нь биш хамгийн гол нь аль улсын бэлтгэж буй мэргэжилтэн олон улсын стандартад нийцэх чадвартай вэ гэдгээ харуулдгаараа онцлог аж. Нэг үгээр энэ тэмцээнд амжилттай оролцсон мэргэжилтэн өөрөө дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн хамт улс орныхоо мэргэжлийн боловсрол сургалтын чанарыг олон улсад дархлаад ирдэг. Монгол Улс Дэлхйин ур чадварын байгууллагад 2014 онд элсч 69 дэх бүрэн эрхэт гишүүн нь болсноор энэ тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд одоо чухам хэнийг явуулахаа шийдэх торгон мөч тулаад буй юм. 
 
Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхийн төлөө өнгөрсөн жил хоёр үе шаттай болсон “Монгол ур чадвар-2014” тэмцээний эхний хоёр байрыг эзэлсэн 18 залуу өрсөлдөх бөгөөд тэднээс мэргэжил тус бүрээр хамгийн шилдэг нь ирэх наймдугаар сард Бразилийг зорих юм. Тиймээс шилдгийн шилдгийг тодруулах энэ удаагийн тэмцээнийг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж ялагчийг тодруулах үүргийг Хөдөлмөрийн сайд уулзалтын үеэр зохион байгуулагчдад өгөхийн хамт мэргэжлийн холбоодоос тэмцээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонссон. Тэмцээний салхийг цахилгааны мэргэжлийнхэн хагална. 
 
Хамгийн эхний тэмцээн энэ сарын 18-нд Дархан-Уул аймагт Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид болох бөгөөд Дарханы инженерүүдийн холбоо голлон зохион байгуулах юм. Өрөг угсралт, хавтанцар наах хоёр мэргэжлийн тэмцээнийг Монголын барилгачдын холбоо, токарийг Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, гагнуурын мэргэжлийнхийг Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, үсчин, гоо заслыг Монголын үсчин, гоо засалчдын холбоо, мужааныг Ой модны сургалт судалгааны хүрээлэн, тогоочийн мэргэжлийн шилдгийг Монголын зочлох үйлчилгээний холбоо тус тус зохион байгуулж буй юм. 
 
Тэдний хэлснээр ирэх долоо хоногт зохион байгуулах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд шүүгч нараа ч тодруулсан гэнэ. Тэмцээнийг ил тод шударга явуулахын тулд олон улсад баримталдаг зарчмын дагуу зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Оролцогчдод өгөх ажлын даалгаврыг бэлтгэхдээ мэргэжлийн ур чадварыг нь бүрэн илэрхийлэхээс гадна англи хэлний мэдлэгийг давхар шалгахаар хийсэн гэдгийг зохион байгуулагчид сайдад танилцуулсан. Мэргэжлийн онцлогоос шалтгаалж зарим нэг хүндрэлтэй асуудал тулгарч буй аж. 
 
Тухайлбал, гагнуурын мэргэжлээр өрсөлдөх хүүхдүүдээр олон улсын тэмцээний ажлын даалгаварт багтдаг хөнгөн цагааны гагнуурыг хийлгэх гэхэд Монголд тоног төхөөрөмж нь байдаггүй. Токарийн мэргэжлийнхэнд мөн л тоног төхөөрөмж хангалтгүйгээс бага зэргийн бэрхшээл учирч буй юм байна. С.Чинзориг сайд эдгээр асуудлыг шийдэх боломжийг ойрын хугацаанд олж, дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөх гэж буй залуусаа бүхий л талаар дэмжихээ амлалаа. 
 
Эх сурвалж: