sonin.mn
Монголд бейсболын спортыг хөгжүүлэхээр ирсэн Каваучи Широ-д Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны "Алтан медаль" хүндэт тэмдгээр шагнав. Каваучи Широ нь Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын хүсэлтээр манай улсад бейсболын спортыг өргөн дэлгэр хөгжүүлэх гурван талт бодлогыг дэмжин ажиллаж байгаа юм. 2012 онд Бейсболын спортын түүхэн замналыг харуулсан “Ганц-Оноо” кино, 2014 онд клубуудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Мөн "Инчеон 2014" Азийн 17 дугаар их наадамд оролцсон Монголын бейсболын шигшээ багийг ивээн тэтгэж оролцуулсан юм.
 
Иймд Монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь өндрөөр үнэлж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин болон Монголын Бейсболын үндэсний холбооны ерөнхийлөгч М.Сугарсүрэн, дэд ерөнхийлөгч Ч.Мөнхсайхан нар К.Широ-г хүлээн авч уулзан цаашид Монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд улам ихээр дэмжин ажиллахыг хүсэн МҮОХ-ны "Алтан медаль" хүндэт тэмдгээр шагнав.
 
Д.Өлзий
Эх сурвалж: