sonin.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё ирэх ням гарагт Токио хотноо эхлэх бөгөөд Монголын 25 бөх таван зиндаанд хүчээ сорино.

Тухайлбал, дээд зиндаанд 10, жюүрёод тав, макүшитад долоо, санданмэд хоёр, жонидан нэг бөх хүч үзнэ. Нацү башёд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн, гавьяат тамирчин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн гарч барилдах юм. Өнгөрсөн сарын башёг зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд зүүний дагавар магнайгаас босч барилдана.

Гуравдугаар сарын башёд Их аварга Хакүхо, озэки Гоэйдо, Котошёогикү нарыг давж, башёг 13 даваа, 2 унаатай өндөрлүүлсэн шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 14-ээс дээш давбал озэки цол олгохоо Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос амлаад байгаа. Энэ цагийн сүмо бөхийн үлэмж биет Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтойгоор хүч үзэх бол ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням барууны 14-өөс босч барилдана.

Макүүчи зиндаа Хакүхо, Харумафүжи Какүрюү гэсэн гурван Их аваргаас гадна Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Араваши Э.Дөлгөөн Кёкүтэнхо Н.Цэвэгням, Таканоива А.Баасандорж нарын долоон монгол сүмоч барилдах бол Жюүрёо зиндаанд Токитэнкү А.Хүчитбаатар, Сэйро А.Өнөболд, Асасэкирюү Б.Дашням, Шёотэнро Д.Нямсүрэн, Кагамио Б.Нанжид нар хүчээ сорино.

Макүшита зиндаанд Сакигакэ Я.Баттүшиг, Азүмарюү С.Тодбилэг, Гочозан Д.Ууганбаатар, Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёшома Г.Мөнхсайхан, Рюүонами У.Баттөгс, Такакасүга Э.Энхманлай нарын долоо бөх байгаа бол Санданмэ зиндаанд Дайонами Б.Ууганбаяр, Аратоши Ц.Ванчигцэрэн, Жонидан зиндаанд Садахикари Д.Наранцогт тус тус барилдана.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг