sonin.mn
Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрөгч амралтын өдрөөр болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгөн медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд 48 орны 354 жүдоч барилдсанаас манайхаас эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр бөх зодоглосон юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-д 40 бөх барилдсанаас С.Ням-Очир нэгдүгээр тойрогт Узбекстаны  Шарипов, Туркийн Хасан нарыг дараалан цэвэр, Украины Дреботыг хоёр юүко үнэлгээгээр ялж, их шөвөгт шалгарав. Улмаар Германы Игор Вандткег торгуулиар ялж шигшээд талбайн эзэн орны тамирчин Рустам Оружовт торгуулиар хожигдож, мөнгөн медаль хүртжээ. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, Х.Цагаанбаатар барилдсан ч Беларус, Бразилийн бөхчүүдийг ялж, Унгарын М.Унгварид торгуулиар, дагах барилдаанд ОХУ-ын Зелимхан Оздоевт ялагдан, VII байр эзлэв.
 
Эрчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин V, дэлхийн аварга Г.Болдбаатар VII, 81 кг-д Н.Дагвасүрэн VII байрт оров. Багийн дүнгээр Азербайжан улс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж тэргүүлсэн бол Румын, ОХУ, Нидерланд, Их Британи улс II-V байрт шалгарлаа. Монголын баг тамирчид нэг мөнгө, V байр нэг, VII байр гурав эзэлсэн амжилтаар XV байрт орлоо.
 
 
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг