sonin.mn
Жүдо бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээн ирэх сарын 3-5-нд буюу баасан гарагт Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тус тэмцээн өмнөх жилүүдээс онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/- ны дүрэм ёсоор түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо нэмэх юм.
 
Олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 50 гаруй орны шилдэг жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлээд бөгөөд дэлхийн 180 гаруй оронд шууд дамжуулан хүргэх IJF-гээс томилогдсон телевизийн баг Монголд хүрэлцэн ирнэ.
 
Олимп, дэлхийн медальтнуудаас гадна олимпийн эрхийн чансаа өндөр шинэ залуу тамирчид ч барилдана. Ази, Европ, Америк тивийн хүчтэй багуудаас гадна Африк, Сенегал, Гана, Мозамбик улсын жүдочид ч ирэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Зохион байгуулагч орны хувьд давуу эрх эдэлж Монголын 56 жүдоч зодоглоно.
 
“Чингис хаан” Гран при тэмцээний нийт төсөв тэрбум гаруй төгрөгт багтаж байгаа бөгөөд улсын төсөвт жил бүр 600 гаруй сая төгрөгөөр оруулдаг. Харин батлагдахдаа гуравны нэг болж багасдаг.
 
Энэ жил гэхэд 240 сая төгрөг баталж өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл бүрэн олгоогүй байгаа гэж Зүүн Азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат онцолж байв.
 
IJF-гээс “Чингис хаан” Гран при тэмцээнд 15 шүүгч томилсон бөгөөд манай улсаас олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Г.Нямцог шүүгчээр ажиллах юм. Энэ удаагийн тэмцээний тасалбар 20 мянган төгрөг. Бөхдөө хайртай монголчууд их спортоо дэмжиж олноороо олноороо ирж сонирхон дэлхийд данстай жүдочдоо дэмжих бизээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг