sonin.mn
Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жил уламжлал ёсоороо хурдан удмын даагаа зэхээд байгаа бөгөөд энэ нь тод манлай Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын хүлэг аж.
 
Энэхүү уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэрхүү цаг үеэс хойш 21 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10 бөх нь амжилтаа ахиулж цол нэмсэн гэдэг сайхан мэдээ байдаг юм.
 
Хурдан дааганы эзнээр залуу бөх Ц.Баянмөнх /1995/, Залуу бөх О.Одгэрэл /1996/, залуу бөх Г.Элбэг /1997, аймгийн арслан Б.Ганбат /1998/, залуу бөх Д.Сэржбүдээ /1999/, аймгийн арсланБ.Одхүү/ 2002/, аймгийн арслан Х.Мөнхбаатар / 2001/, аймгийн арслан Д.Азжаргал /2002/, аймгийн арслан Ж.Гансүх /2003/, аймгийн арслан Т.Энхтуяа /2004/, аймгийн арслан Д.Батболд /2005/, аймгийн арслан М.Өсөхбаяр / 2006/, аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /2007/, Шоовойхүү /2008/, аймгийн арслан Ц.Содномдорж /2009/, Б.Заяамандах /2010/, А.Батмөнх /2011/ нар тус тус тодорч байжээ. 
 
Харин 2012 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Б.Сугаржаргал, 2013 оны хамгийн залуу начнаар Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх Т.Баасанхүү тодорч Увс аймгийн харъяат, алдарт уяач Д.Цэнд-Аюушийн уяаны Хан хөхийн угшлийн хурдан удмын зээрд дааганы эзэн болж байсан бол өнгөрөгч хурдан удмын дааганы эзэн нь Цагаан морин жил мэндэлж, морин жил начин цол авч хурдан удмын даагаар цолоо мялаалгасан Засагт ханы Завхан дэвжээний бөх, залуу начин Б.Бадамсүрэн байсан юм.
 
Түүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тод манлай уяач Г.Ононгийн адуун сүргийн хурдан удмын даагыг гардуулан өгсөн юм. Тэгвэл энэхүү хурдан удмын дааганы эзнээр эр бяр нь тэгширсэн хэн гэж аавын хүү тодорч, хурдан удмын даага хөтлөх бол гэдгийг харах л үлдэж байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг